Нүүр хуудас Уран сайханСолонгост монгол хэлээр гардаг анхны “Awezome” сэтгүүл уншигчдын гарт очив

Солонгост монгол хэлээр гардаг анхны “Awezome” сэтгүүл уншигчдын гарт очив

0 сэтгэгдэлүүд

Монголчуудын өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан шинэ хэвлэл

Монгол, Солонгос залуусын хамтран эрхлэн гаргаж буй “Awezome” сэтгүүлийн анхны дугаар уншигчдын гар дээр хүрч эхэллээ. Энэ нь БНСУ-д монгол хэл дээр тогтмол хэвлэгдэн гарах анхны сэтгүүл болж байна.

“Awezome” сэтгүүл Солонгост амьдарч, сурч, ажиллаж буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй хүмүүст бодитой, тэнцвэртэй, хэрэгцээтэй мэдээлэл хүргэх зорилготой. Агуулга нь зөвхөн ерөнхий зөвлөгөө бус, багийн гишүүдийн болон Солонгост амьдарч буй монголчуудын бодит туршлага, туулсан замналаас гарсан мэдээлэл дээр тулгуурласнаараа ялгарч байна.

Солонгосыг зорьж буй хүн бүрийн зорилго, хүсэл өөр өөр ч хамгийн түрүүнд сонирхдог зүйлс нь ихэвчлэн ижил байдаг. Визийн нөхцөл, сургууль сонголт, тэтгэлэг, орон байр, ажил хөдөлмөр, өдөр тутмын хэрэгцээ, хоол хүнс, соёл уламжлал, мөн зайлшгүй анхаарах, болгоомжлох асуудлууд гээд олон асуулт нэг дор гарч ирдэг. Тиймээс сэтгүүл эдгээр сэдвүүдэд товч бөгөөд ойлгомжтой, бодит мэдээлэл өгөхөд чиглэсэн байна.

Анхны дугаарт Солонгосыг зорихдоо заавал цүнхлэх хэрэгтэй зүйлс, тэтгэлгээ үргэлжлүүлэх арга, виз болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээллүүдийг багтаажээ. Мөн ярилцлагын буланд Солонгосын соёл урлаг, загварын өрсөлдөөнт зах зээлд өөрийн өнгө төрхөө бүрдүүлж буй модель Ж.Намуун, БНСУ-д 30 гаруй жил ажиллаж амьдарсан мэргэжлийн синхрон орчуулагч С.Сүх-Очир нарыг урьж, туршлага, амжилтаа хуваалцсан байна. Үүнээс гадна сэтгэл хөдөлгөх бодит түүх, сүүлийн үеийн тренд, гоо сайхны агуулга, мөн солонгос хэлээ сайжруулахад туслах “солонгос найзын өдрийн тэмдэглэл” зэрэг нийтлэлүүдийг нэг дор багтаасан гэжээ.

“Awezome” сэтгүүлийг цаашид улирал тутам гаргах төлөвтэй бөгөөд анхны дугаарыг “News Cafe”, “Caffe Bene”-ийн дараах долоон салбарт байршуулсан тул сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй авч унших боломжтой байна.

  • Наадам центр
  • Улсын их дэлгүүр
  • Хорооллын Номин их дэлгүүр
  • Хүнсний 20
  • TDB
  • Max mall
  • Hunnu mall

Солонгос улсад дараах байршлуудад мөн байршуулжээ.

  • Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам (Сөүл хот)
  • Солонгос улс дахь Хөдөлмөр, хамгаалал үйлчилгээний газар (Сөүл хот)
  • Монгол таун (Сөүл хот)
  • Монгол хэл, соёлын төв (Сөүл хот)
  • “Намү” төв (Илсан хот)
  • Монгол хөгжлийн төв (Чонжү хот)

“Awezome”-ийн цахим хуудасууд:Facebook: Awezome Magazine, Awezome Mongolia
Instagram: @awezome_magazine_ awezome_mn
Youtube: @awezome_mongol @awezome_studio

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх