“Netflix”-ийн албан ёсны мэдээллээр шинжлэх ухааны уран зөгнөлт “Stranger Things” цуврал нь платформын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бүтээл болж, олон нийтийн соёлд хүчтэй нөлөөлсөн талаар “Gizmodo” дамжуулжээ.
Арав орчим жил, таван бүлэг үргэлжилсэн тус цуврал нь зөвхөн “Netflix”-ийн шилдэг 10 жагсаалтын байнгын оролцогч байхаас гадна дэлхий даяар соёлын том үзэгдэл болон төлөвшсөн байна. Ингэхдээ платформын дотоод ангиллуудад тогтмол дээгүүр бичигдэж, олон улс даяарх контентын хэрэглээний чиг хандлагыг тодорхойлох хэмжээнд нөлөөлжээ.
Жүжигчид, хөгжим, брэндүүдийг дахин “амилуулсан” цуврал
“Stranger Things” нь Вайнона Райдер, Мэттью Модин зэрэг жүжигчдийн уран бүтээлийн шинэ үеийг эхлүүлж, тэдний нэр хүндийг шинэ үзэгчдэд таниулсан. Цувралын амжилт зөвхөн дэлгэцээр хязгаарлагдаагүй бөгөөд хөгжим, тоглоом, хоол ундаа хүртэл хамарсан өргөн хүрээний брэнд, бүтээгдэхүүнд нөлөөлсөн байна.
“Netflix”-ийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар эхний дөрвөн бүлгийн үзэлтийн нийлбэр 1.2 тэрбумд хүрч, платформын бүх цувралаас хамгийн өндөр үзүүлэлт тогтоожээ. Таван дахь бүлгийг дангаар нь 102.6 сая хүн үзсэн нь мөн тус бүтээлийн тогтвортой ноёрхлын нэг хэмжүүр болж байна.
Хуучин хит дуунуудыг шинэ үеийнхэнд хүргэсэн нь
Дөрөвдүгээр бүлэгт олонтоо эгшиглэсэн Кейт Бушийн 1985 оны “Running Up That Hill” дуу дахин дэлхий даяар хит болж, стримингийн тавцангуудад огцом өсөлт үзүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Диана Россын “Upside Down” дууны сонсгол Z үеийнхний дунд дэлхий даяар 1250 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр цуврал нь 1980-аад оны хөгжмийг шинэ үзэгчдэд хүчтэйгээр “танилцуулсан” гол сувгуудын нэг болжээ.
“Stranger Things” брэндтэй бүтээгдэхүүний борлуулалт өсөв
“Stranger Things” нэр, дүр төрхөд суурилсан “Chips Ahoy” жигнэмэг, Nike Dunk Lows пүүз, ном, комик зэрэг олон төрлийн албан ёсны бүтээгдэхүүний борлуулалт онцгой амжилттай байгаа талаар “Netflix” мөн дурдсан. Цувралын ертөнцийг ашигласан ийм төрлийн бараа нь үзэгчдийн дунд брэндийн танигдах байдлыг улам бэхжүүлж, дэлгэцээс гадна өдөр тутмын хэрэглээнд хүртэл нөлөөлж байгааг харуулж байна.
Ийнхүү “Stranger Things” нь зөвхөн стримингийн амжилт төдийгүй хөгжмийн чарт, худалдааны зах зээл, олон нийтийн соёлын түвшинд бодит өөрчлөлт авчирсан, “Netflix”-ийн хамгийн нөлөө бүхий цувралын байр сууриа баталгаажууллаа.