Нүүр хуудас Урлаг“Take On Me” дуугаар алдартай Мортен Харкет Паркинсоны онош авчээ

“Take On Me” дуугаар алдартай Мортен Харкет Паркинсоны онош авчээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

1980-аад оны дэлхий нийтийг байлдан дагуулсан Норвегийн “A-ha” хамтлагийн гоцлол дуучин Мортен Харкет өөрийнх нь Паркинсоны өвчтэй болохыг өчигдөр олон нийтэд зарлалаа. 65 настай дуучны мэдэгдэл хамтлагийн албан ёсны вэб сайтад нийтлэгдсэн бөгөөд тэрбээр сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа тархины мэс засалд орж, өвчний шинж тэмдгүүдтэй тэмцэж ирсэн тухайгаа дэлгэрэнгүй хуваалцжээ.

Паркинсоны өвчин нь тархины мэдрэлийн тогтолцоог аажмаар доройтуулдаг архаг өвчин бөгөөд гол шинж тэмдгүүд нь салгалах, хөдөлгөөн удаашрах, булчин чангарч чичрэх зэрэг хөдөлгөөний хүндрэлийг үүсгэдэг. Энэ өвчин бүрэн эдгэрдэггүй ч, эмчилгээ болон мэс заслын аргаар шинж тэмдгийг хяналттай байлгах боломжтой юм.

Харкет өнгөрсөн жил тархинд электрод суулгах мэс засалд орж, түүнээс хойш тодорхой хэмжээний сайжрал мэдрэгдсэн хэмээн ярьжээ. Тэрбээр:

“Надад оношийг хүлээж авахад асуудал байгаагүй. Би одоо системээ бүхэлд нь муутгахгүйн тулд чадах бүхнээ хийж байна” хэмээн сэтгэл хангалуун, уужуу мэдэгдэл хийсэн байна.

1982 онд Мортен Харкет найзууд болох Пол Ваактаар-Савои болон Магне Фурухолмен нарын хамт “A-ha” хамтлагийг байгуулсан бөгөөд 1985 онд тэдний анхны цомог “Hunting High and Low” гарсан нь асар их амжилтад хүрч, “Take On Me”, “The Sun Always Shines on TV” зэрэг дуу нь хит болж, түүхэнд үлджээ.

Сүүлийн үед уг хамтлагийн “Take On Me” дуу дахин шинэ амьдрал авчирсан үйл явдал нь HBO сувгийн алдарт “The Last of Us” цувралын хоёрдугаар бүлэгт гол дүр Элли (жүжигчин Белла Рэмси) акустик хувилбараар энэхүү дууг гитар тоглож дуулсан хэсэг байв. Үүний дараа уг дуу олон нийтийн анхаарлын төвд дахин орсон билээ.

Мортен Харкетийн эрүүл мэндийн асуудал шүтэн бишрэгчдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа ч, түүний эерэг хандлага, өвчнөө даван туулах шийдэмгий байдал олон хүнд урам зориг өгч байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх