Маргаан юуны төлөө эхэлсэн бэ
Тимоти Шаламе дуурь, балетын талаар “одоо хэнд ч хамаагүй болсон” гэх утгатай үг хэлсэн нь цахим орчинд хүчтэй эсэргүүцэл дагуулж, шүүмжлэлийн давалгаа үүсгэв. Түүний хэлсэн үг кино салбарын сорилт, үзэгчдийн анхаарал сарних үзэгдлийн талаар ярьсан нэгэн уулзалтын үеэр гарсан бөгөөд Шаламе кино театрыг “амьд авч үлдэх” оролдлогыг хүндэтгэж буйгаа хэлэх зуураа тайзны урлагийг жишээ татсан нь олон хүнийг бухимдуулсан байна. https://x.com/Films2Films_/status/2029914800537350383
Тэрээр дуурь, балет шиг “амьд байлгая гэж гуйх” маягийн нөхцөлд өөрийгөө ажиллаж байна гэж төсөөлөхийг хүсэхгүй гэсэн санаа илэрхийлж, үүнийг олон нийт “урлагийн төрлийг дорд үзсэн” гэж хүлээн авчээ. Дараа нь тэр үгээ зөөлрүүлэх гэж хичээсэн ч маргаан намжаагүй.
Төгссөн сургууль нь нээлттэй захидлаар “ичээв”
Шүүмжлэл өрнөхийн хэрээр Шаламегийн төгссөн Нью-Йоркийн LaGuardia ахлах сургууль олон нийтэд нээлттэй захидал хэлбэрээр хариу өгсөн нь илүү их анхаарал татав. Тус сургуулийн захирал Марвагийн нийтэлсэн мэдэгдэл эхэндээ “манай төгсөгчөөр бахархаж байна” гэсэн өнгөтэй байсан ч гол агуулга нь Шаламегийн хэлсэн үгийг шууд няцаасан байр суурь байв.
Захирал нь LaGuardia-д урлагийн төрлүүдийг “эрэмбэлдэггүй” гэж тодотгоод, ганцхан тоглолт, ганцхан аялгуу, ганцхан хөдөлгөөн, ганцхан бийрийн мөр хэн нэгэнд хүрч чадвал тэр нь үнэ цэнтэй, амьд, утгатай хэвээр байдаг гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл “үзэгч олдохгүй бол үхсэн урлаг” гэсэн логиктой санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн захидалд Шаламегийн өөрийнх нь өмнө ярьж байсан гэр бүлийн түүхийг сануулсан хэсэг оржээ. Түүнийг балеттай ойр өссөн, гэр бүлийнхэн нь Нью-Йорк хотын балеттай холбоотой байсан тухай өмнөх үгсийг нь иш татан “чи энэ ертөнцөөс ирсэн хүн, чи илүү сайн мэднэ” гэсэн санааг ил тод хүргэсэн байна. Захидлын төгсгөлд сургууль нь одоо дуурь, балет суралцаж буй хүүхдүүддээ хандан “та нарыг бид харж байна, үргэлжлүүл” гэсэн утгатай дэмжлэгийн үг үлдээжээ.
Дэмжигч, шүүмжлэгч хоёр тал руугаа хуваагдав
Зарим хүн Шаламегийн үгийг “кино театрыг хамгаалах тухай санаагаа тодруулах гэж байгаад бүдүүлэг сонсогдсон” гэж өмгөөлсөн бол нөгөө хэсэг нь “урлагийн хүмүүс бие биеэ доромжлох нь хамгийн утгагүй” гэж үзэж байна. Маргааныг улам тэлсэн нэг шалтгаан нь бусад уран бүтээлчид, нэр бүхий хүмүүс Шаламег шүүмжилсэн нийтлэл, постуудад таашаал дарсан гэх мэдээлэл байв. Үүнээс гадна тайзны урлагийн байгууллагууд энэ боломжийг ашиглан “бид энд байна” гэсэн утгатай нийтлэлүүд хийж, зарим нь хошигнол, егөөдөл хослуулан Шаламег тоглолт үзэхийг урьсан тухай ч яригджээ.
Одоогоор Тимоти Шаламе уг шүүмжлэлд шууд, албан ёсоор тайлбар хийгээгүй байна.