Counter-Strike 2 (CS2) тоглоомын энэ оны анхны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 АНУ-ын Oстин хотод үргэлжилж байгаа бөгөөд гуравдугаар шатны сүүлийн тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа.
1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг гурван шатанд хуваагдан тойргийн журмаар өрсөлдөж байгаа ба гуравдугаар шатанд баг тус бүр таван тоглолт хийх боломжтой. Эндээс түрүүлж гурван ялалт байгуулсан найман баг плей-офф буюу шөвгийн наймд шалгарах эрхтэй юм.
Азийн чансаагаар шалгарсан Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг энэхүү шатанд АНУ-ын Team Liquid болон БНХАУ-ын Lynn Vision багийг буулган авч, дараа нь Бразилын FURIA, Европын хүчирхэг баг болох FaZe Clan-д ялагдаж, шийдвэрлэх тав дахь тоглолтыг хийх шаардлагатай болсон.
Шөвгийн наймд шалгарах эцсийн тоглолтод The MongolZ баг Европын G2 Esports багтай “Bo3” буюу гурван мапаар өрсөлдөж, 2:0-ээр ялан гарлаа. Манай багийн сонгосон Ancient мап дээр 13:6 харьцаатай, харин G2-ийн сонгосон Dust 2 мап дээр таван нэмэлт үеийн дараа 28:25 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Тоглолтын баатар нь Senzu буюу М.Азбаяр болж, багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Ийнхүү 1xBet Монгол ивээн тэтгэлэгтэй The MongolZ баг дэлхийн CS2-ийн хамгийн том тайзан дээр эхний ДАШТ-ий плей-офф шатанд шалгарсан нь Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх мөч боллоо. Шөвгийн найман багийн тоглолт энэ долоо хоногийн Пүрэв гарагт эхлэх юм.