“Twilight” киноны Жэйкобын дүрээр алдаршсан жүжигчин Тейлор Лотнер болон түүний эхнэр Тейлор Доум нар анхны хүүхдээ хүлээж байгаагаа олон нийтэд зарлалаа.
Хосууд энэ мэдээг сошиал сүлжээгээр дамжуулан хуваалцаж, хамтдаа авхуулсан гэрэл зургууд болон хэт авиан шинжилгээний зургийг нийтэлсэн байна. Тэд “Нэг Тейлор Лотнер байхад хангалттай гэж үү? Хоёр байвал бүр сайхан биш гэж үү” хэмээн бичжээ.
Тейлор Лотнер болон Тейлор Доум нар 2018 оноос үерхэж эхэлсэн юм. Жүжигчний гэргий шоу бизнесийн салбарын хүн бус, мэргэжлийн сувилагч байсан нь шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг ихэд татаж байв. Хосууд харилцаагаа эхнээс нь нээлттэй байлгаж, 2021 онд гэрлэсэн билээ. Сонирхолтой нь, гэрлэснийхээ дараа Тейлор Доум нөхрийнхөө овгийг авснаар тэд яг ижилхэн “Тейлор Лотнер” гэдэг нэртэй болсон юм.
Тейлор Лотнер өмнө нь олны танил хэд хэдэн алдарт бүсгүйчүүдтэй богино хугацаанд үерхэж байсан түүхтэй. Түүний болзож байсан бүсгүйчүүдийн дунд Кристен Стюарт, Тейлор Свифт, Селена Гомез, Мари Авгеропулос болон Билли Лурд нар багтдаг.
Жүжигчин Лотнер 2008-2012 онд гарсан “Twilight” кино цувралд Жэйкоб Блэкийн дүрийг бүтээснээр дэлхий даяар алдаршсан билээ. Уг кино цуврал дэлхийн хэмжээнд 3 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд кинонд мөн Кристен Стюарт, Роберт Паттинсон нар гол дүрийг бүтээсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд тэрээр кино болон телевизийн салбарт идэвхтэй ажиллаж, “Abduction”, “Tracers”, “Scream Queens” зэрэг төслүүдэд амжилттай оролцоод байна.


