Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам 2026 оны дөрөвдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.
Монголын Урлагийн Зөвлөл 2018 онд энэхүү наадмыг санаачлан эхлүүлсэн бөгөөд орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой платформ болгон хөгжүүлж иржээ. Өнгөрсөн жилүүдэд АНУ, Канад, Австрали, Герман, Нидерланд, БНСУ зэрэг орны нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид оролцож, 400 гаруй бүжигчин, 15 мянгаас дээш үзэгчийг хамруулсан байна.
Энэ жилийн наадам нь уран бүтээлчид болон бүжиг дэглээчдийн урт хугацааны хамтын ажиллагааг дэмжих, мэргэжлийн солилцоог өргөжүүлэх, бүжгийн боловсролыг илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн хөтөлбөрийн хүрээг тэлж, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийг урин оролцуулж байгаагаараа онцлог болж байна.
Чадавх бэхжүүлэх хөтөлбөрөөр олон улсын сургалт, лекцүүд болно
Наадмын хүрээнд гадаад, дотоодын уран бүтээлчдийн удирдлага дор мастер класс, лекцүүдийг зохион байгуулах юм. Үүнд Литва улсын бүжигчин, дэглээч Мариус Пинигисийн “Биеийн бүтээлч анатоми” сэдэвт мастер класс болон лекц, Герман улсын уран бүтээлч Киани Дэл Валлигийн “Гэрэлт бие” сургалт, мөн Монгол-АНУ-ын бүжигчин, багш Түмэннасангийн Туяагийн бүжгийн багш, оюутан, уран бүтээлчдэд зориулсан сургалт багтаж байна.
Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан оролцогчид биеийн соматик мэдрэмж, хөдөлгөөний техник, сэтгэлзүй ба хөдөлгөөний уялдаа холбоог гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ бүжгийг нийгмийн оролцооны хэрэгсэл болгон ашиглах боломжийг илүү өргөн хүрээнд танин мэдэх юм.
Хүүхдүүдэд зориулсан бүтээлч хөтөлбөр ч багтжээ
Наадмын бүтээлч хөтөлбөрийн хүрээнд “Орчин үеийн бүжиг ба яруу найраг” воркшоп зохион байгуулагдах бөгөөд үүнийг Яаяа Чен, П.Болортуяа нар удирдан явуулах аж.
Энэхүү хөтөлбөр нь 9-12 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд хөдөлгөөн болон үгийн илэрхийллээр дамжуулан өөрийгөө нээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөн харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэж байна.
Олон нийтэд зориулсан тоглолтуудаар наадам үргэлжилнэ
Наадмын олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд тайзны хэд хэдэн бүтээлийг үзэгчдэд толилуулах юм. Үүнд найруулагч Ж.Мөнхцэцэг, дэглээч Н.Номин-Эрдэнийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” бүтээл багтаж байгаа бөгөөд энэ нь байгаль, хүний харилцаа, экологийн эмзэг байдлыг зээрийн дүрээр илэрхийлсэн орчин үеийн бүжгийн бүтээл юм.
Мөн дэглээч Д.Энхгэрэлийн “Ариун хаврын тахилга” тоглогдох бөгөөд уг бүтээл нь хүний нийгэм, эрх мэдэл, золиослохын тухай сэдвийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлсэн байна.Түүнчлэн бүтээлч хөтөлбөрт оролцсон хүүхдүүдийн тоглолт үзэгчдэд хүрэхээр төлөвлөгджээ. Эдгээр тоглолтууд дөрөвдүгээр сарын 27 болон 29-ний өдрүүдэд Улаанбаатар театр-т болно.