Нүүр хуудас Уран сайханҮндэсний баатраас үзэн ядагч хүртэл: Хон Мён-бог чиглэсэн БНСУ-ын хөлбөмбөгийн хамгийн том дуулиан

Үндэсний баатраас үзэн ядагч хүртэл: Хон Мён-бог чиглэсэн БНСУ-ын хөлбөмбөгийн хамгийн том дуулиан

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

БНСУ-ын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Хон Мён-бо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсаны дараа эх орондоо урьд хожид үзэгдээгүй ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тэрбээр бүтэлгүйтлийнхээ дараа албан тушаалаасаа шууд огцорсон ч уурссан хөгжөөн дэмжигчдийн зүгээс амь насанд нь заналхийлсэн сүрдүүлэг ирсээр байгаа тул нисэх буудалд тусгай хамгаалалт гаргах хэмжээнд нөхцөл байдал хүндэрчээ.

Түүхэн гавьяа ба томилгооны эргэн тойрондох маргаан

Уг нь Хон Мён Бо бол солонгосчуудын хувьд 2002 оны ДАШТ-ээр шигшээ багийн ахлагчаар тоглож, түүхэн амжилт гаргаж байсан үндэсний баатар нь билээ. Гэвч түүний дасгалжуулагчийн карьер тоглогчийнхоо амжилтыг давтаж чадсангүй; тэрбээр 2014 оны ДАШТ-д багийг удирдан хэсгийн шатнаас хасагдаж байсан бол 2026 онд энэхүү тааруухан үзүүлэлтээ дахин давтсан юм. Олон нийтийн энэхүү их бухимдал нь зөвхөн тэмцээний үр дүнгээс бус, харин түүнийг 2024 онд шигшээ багийн дасгалжуулагчаар томилох үеийн ил тод бус байдалтай шууд холбоотой. Тухайн үед сонгон шалгаруулах хорооны зарим гишүүдийг шийдвэр гаргах үйл явцаас хассан гэх дуулиан дэгдэж, асуудал парламентын түвшинд хүртэл хэлэлцэгдэж байв.

Нийгмийн бойкот, төрийн тэргүүний шүүмжлэл

ДАШТ-д ялагдал хүлээсний дараа солонгосчуудын дургүйцэл туйлдан, улс даяар дасгалжуулагч болон Солонгосын Хөлбөмбөгийн Холбоог (KFA) бүтээн байгуулалтаар нь шинэчлэхийг шаардаж эхэллээ. Цачим сүлжээнд түүнийг нисэх онгоцны буудал дээр ирэхэд нь халдана гэх мэдээлэл тархсанаар Инчоны нисэх буудалд 160 гаруй хамгаалалтын ажилтан дайчлагдан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөж эхэлжээ. Үүгээр зогсохгүй Солонгосын нийгэмд түүний эсрэг дараах хачирхалтай, хурц хэлбэрийн эсэргүүцлүүд өрнөж байна:

  • Худалдааны төв, ресторануудын үүдэнд “Хон Мён Бод үйлчлэхгүй”, “Оруулахгүй” гэсэн хориглох самбар байрлуулсан.
  • Хотын автобусны цахим дэлгэцүүд дээр “Хон Мён Бог суулгахгүй” гэсэн бичиг цацагдан элэглэл болсон.
  • Телевизийн сувгууд нэвтрүүлгээр түүний царайг гаргахдаа бүрсийлгэн цензур тавих болсон.

Энэхүү дуулиан нь зөвхөн спорт сонирхогчдын хүрээнээс хальж улс төрийн тавцанд хүчтэй яригдах болов. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён Хон Мён Бог “дасгалжуулах чадваргүй хүн” хэмээн хатуу шүүмжлээд, хөлбөмбөгийн холбооны томилгооны тогтолцоог бүхэлд нь шалгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Хэдийгээр Reddit болон дотоодын форумууд дээр “жинхэнэ асуудал бол KFA” гэх мэтээр түүнийг ганцааранг нь буруутгах нь өрөөсгөл гэх байр суурь байгаа ч, энэ үйл явдал тус улсын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн том бүтцийн өөрчлөлтийг авчирч магадгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх