“Сэргэлэн охин Ян Сун” цувралын Хан Китэйгийн дүрээр монгол үзэгчдийн танил болсон БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин зочлоод нутаг буцжээ.
Тэрээр БНСУ-ын KBS телевизийн бүтээж буй түүхэн олон ангит киноны зураг авалтаар Монголд ирсэн бөгөөд өчигдөр зураг авалтаа дуусгасан байна. Мөн Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан “Монгол адууны диваажин” НҮТББ-ын тэргүүн Б.Наранбадрахтай хамт адууны тухай ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Уг нэвтрүүлэг тавдугаар сарын 1-нээс үзэгчдэд хүрэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Энэхүү тогтоолын дагуу долоодугаар сарын 11-нд дэлхийн улс орнууд Дэлхийн адууны өдрийг анх удаа Монголд тэмдэглэхээр болсон байна.
Энэ хүрээнд Хүй долоон худагт 10 мянган морьтны ёслолын жагсаал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана. Уг жагсаалд Солонгосын жүжигчин Жан Хёг оролцох бөгөөд тэрээр мянгатын баатрын дүрээр жагсах юм байна.
Жан Хёг анх 16 жилийн өмнө Монголд ирж байсан бол 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор дахин ирж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд түүнээс гадна тив, дэлхийд танигдсан бусад алдартнууд морины элч төлөөлөгчөөр оролцох аж.