Жүжигчдийн биеийн галбир нь дүрийн илэрхийлэл болдог ч сүүлийн үед хэт туранхай төрх олон нийтийн дунд өөр өөр хандлага төрүүлж байна. Солонгосын жүжигчин Ха Жи Вон дүрдээ зориулан биеэ зориуд өөрчилсөн бол Холливудын од Деми Мурын гадаад төрх эрүүл мэндийн талаарх таамгийг дагуулжээ.
Ха Жи Вон шинэ “Climax” драмд тоглохын тулд биеийн галбираа эрс өөрчилсөн тухайгаа гуравдугаар сарын 18-нд Сон Си Кёны YouTube сувагт оролцох үеэрээ ярьсан байна. Тэрээр “Ер нь би хүчтэй, эрүүл төрхтэй харагддаг. Харин энэ дүрийн мэдрэмжийг гаргахын тулд зориуд биеэ өөрчилсөн. Булчингийн хэмжээг багасгаж, сунгалт болон йогийн тусламжтайгаар биеэ илүү нарийсгаж, уртасгасан” хэмээн тайлбарлажээ.
Мөн бэлтгэлийн онцлог арга барилаа “Нэг хөдөлгөөн хийхдээ ч би өөрийн биетэйгээ “ярилцаж”, зарчмыг нь ойлгохыг хичээдэг” гэж онцолсон байна. Сон Си Кён түүний өөрчлөлтийг үнэлж, “Тэр дүрдээ бүрэн уусч, өөрийнх нь өмнөх төрх огт харагдахаа больсон” гэж хэлжээ.
Харин нөгөө талд 63 настай жүжигчин Деми Мурын хэт туранхай төрх олон улсын анхаарлыг татаж, эрүүл мэндийн талаарх санаа зовнилыг үүсгээд байна. Их Британийн Daily Mail-ийн мэдээлснээр тэрээр “2026 Actor Awards” арга хэмжээний улаан хивсний ёслолд оролцохдоо өмнөхөөсөө илт турж, туранхай харагдсан нь олны анхаарлыг татжээ.
Түүний хар даашинзтай төрхийг олон хүн анзаарахдаа мөрний шугам, хацрын хонхорхой илүү тод болсон байгааг онцолж, Ozempic гэх жинг бууруулах эм хэрэглэсэн байж магадгүй гэх таамаг ч гарчээ. Фенүүд “Тэр өнгөрсөн жилээс огт өөр харагдаж байна”, “Кинонд гардаг эмийг хэрэглэсэн юм биш биз?” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна.
Деми Мур энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа нь олон нийтийн сонирхлыг улам нэмэгдүүлжээ. Ийнхүү Ха Жи Вон дүрийн шаардлагаар биеэ өөрчилсөн мэргэжлийн хандлага харуулсан бол Деми Мурын хувьд гадаад төрх нь эрүүл мэндтэй холбоотой маргааны сэдэв болж байна.