Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Hilary Swank нөхөр, бизнес эрхлэгч Philip Schneider-тэйгээ гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаагаа олон нийтэд зарлажээ.
52 настай жүжигчин баярт мэдээгээ Instagram хуудсаараа дамжуулан өвөрмөц бичлэгээр хуваалцсан байна. Бичлэгт неон гэрлээр дүрсэлсэн дөрвөн хүний дүр алдарт “You Ain’t Seen Nothing Yet” дууны аянд бүжиглэж буйгаар харагддаг. Харин ээжийг төлөөлсөн дүр урагш гарахад томорсон гэдэс нь гэрэлтэж, гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх гэж буйг илэрхийлжээ.
Hilary Swank бичлэгийнхээ тайлбарт:
“Олон хүн надаас дараагийн төсөл маань юу вэ гэж асуудаг. Энэ төсөл ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ”
хэмээн хошигнон бичсэн байна.
Ингэснээр тэр хүүхдээ 2026 оны сүүлээр төрүүлэхээр хүлээж байгаагаа давхар илэрхийлжээ.
2023 онд ихрүүдийн ээж болсон
Hilary Swank болон Philip Schneider нар 2018 онд гэрлэсэн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард Aya, Ohm нэртэй ихэр хүүхдүүдээ өлгийдөн авсан юм. Өдгөө ихрүүд нь гурван настай.
“Million Dollar Baby” киноны од өмнө нь ээж болсон туршлагынхаа талаар хэд хэдэн удаа ярьж, хүүхдүүд нь амьдралыг нь бүхэлд нь өөрчилсөн тухай дурдаж байжээ.
Тэр ихэр хүүхэд өсгөх нь давхар ачаалал, сорилт дагуулдаг ч эх хүн болсноор амьдралынхаа хамгийн чухал утга учрыг олсон гэж хэлж байсан байна.
Hilary Swank мөн 37 настайдаа өндгөн эсээ хөлдөөсөн тухайгаа өмнө нь ил болгож байжээ. Тэр ээж болох хугацаагаа зориуд хойшлуулаагүй ч амьдралынх нь хамгийн тохирсон, онцгой үед эх хүн болох боломж ирсэн гэж ярьсан байдаг.
Гурав дахь хүүхдээ хүлээж буй тухай мэдээг нийтэлсний дараа жүжигчний фэнүүд болон энтертайнмент салбарын танилууд нь баяр хүргэж, эрүүл энх амаржихыг хүссэн олон сэтгэгдэл үлдээжээ.
Ийнхүү 52 настай Hilary Swank 2026 оны төгсгөлд гэр бүлийнхээ тав дахь гишүүнийг угтан авахаар хүлээж байна.