Мексикийн Халиско мужийн Сапопан хотод 23 настай гоо сайхны блогчин, TikTok хэрэглэгч Валерия Маркесийг шууд дамжуулалт хийж байх үед нь буудан хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Рамон Анхел Альварес Аяла буюу “Эль Р1” хочит этгээдийг хууль сахиулагчид саатуулсан талаар мэдээлжээ.
Валерия Маркес олон нийтийн сүлжээнд хэдэн зуун мянган дагагчтай байсан бөгөөд халдлага болох үед өөрийн гоо сайхны салонд бэлэг задлан, үзэгчидтэйгээ шууд эфирээр харилцаж байжээ.
Хэрэг гарахаас өмнө хүргэлтийн ажилтан мэт харагдсан үл таних хүмүүс түүнийг сураглаж ирсэн гэх мэдээлэл бий. Улмаар зэвсэгтэй этгээд салон руу нэвтэрч, нэрийг нь лавласны дараа хэд хэдэн удаа буудан, мотоциклиор хэргийн газраас зугтсан гэж мөрдөн шалгах материалд дурдсан байна.
Халдлага шууд дамжуулалтын үеэр болсон тул үйл явдлын хэсгийг олон хүн цахимаар үзсэн нь хэрэгт олны анхаарлыг онцгой татжээ.
Аллагын захиалгатай холбоотой хувилбарыг шалгаж байна
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Валерия Маркес өмнө нь “Халискогийн Шинэ үеийн картел” буюу CJNG-тэй холбоотой гэх Франсиско Альварес нэртэй хүнтэй харилцаатай байсан, улмаар тэд салсан нь хэргийн сэдэл болсон байж болзошгүй хувилбарыг шалгаж байгаа аж.
Мэдээлэлд Франсиско Альварес салалтын дараа өш хонзонгийн сэдлээр эцэг Рамон Анхел Альварес Аялагаар дамжуулан халдлага зохион байгуулсан байж болзошгүй гэжээ. Мөн хүргэлтийн ажилтан мэт дүр эсгэсэн зэвсэгт этгээдийг тусгайлан бэлтгэсэн гэх хувилбар ч мөрдөн шалгалтад багтаж байгаа байна.
Гэхдээ эдгээр нөхцөл байдал нь мөрдөн шалгах байгууллагын дэвшүүлж буй хувилбар бөгөөд шүүхээр эцэслэн тогтоогдсон гэм буруугийн дүгнэлт биш юм.
Холбооны аюулгүй байдлын хүчнийхэн “Эль Р1”-ийг Халиско мужийн Атотонилько-эль-Альто хотод явуулсан ажиллагааны үеэр саатуулж, дараа нь чанга дэглэмтэй Алтиплано хорих байгууллагад шилжүүлсэн гэж мэдээлжээ.
Аюулгүй байдал, иргэний хамгааллын нарийн бичгийн дарга Омар Гарсиа Харфучийн мэдээлснээр, мөрдөн шалгах баг Франсиско Альварес болон түүний эцгийн хоорондын холбоо, аллагын бэлтгэлтэй холбоотой байж болох баримтуудыг шалгаж байгаа аж.
Саатуулагдсан “Эль Р1”-ийг мөн 2025 оны арваннэгдүгээр сард Уруапан хотын дарга Карлос Манзогийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа талаар мэдээлсэн байна.
Хэргийн хоёр гол сэжигтэн одоогоор баригдаагүй байна
Рамон Анхел Альварес Аяла саатуулагдсан ч Франсиско Альварес болон халдлагыг шууд үйлдсэн гэх зэвсэгт этгээд одоогоор оргон зайлсан хэвээр байгаа аж.
Мексикийн хууль сахиулах байгууллагууд тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэргийн захиалагч, гүйцэтгэгч, зохион байгуулалтын сүлжээг бүрэн тогтоох мөрдөн шалгалт үргэлжилж байна.
Валерия Маркесийн амь насыг хөнөөсөн энэ хэрэг нь олон нийтийн сүлжээний шууд эфирийн үеэр гарснаараа Мексик даяар ихээхэн цочрол төрүүлж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хүчирхийллийн асуудлыг дахин анхаарлын төвд оруулжээ.