Америкийн од Ким Кардашьян өөрийн тоглосон “All’s Fair” цувралын эхний улиралд өмссөн хувцаснуудаа буяны зорилгоор дуудлага худалдаанд гаргахаа зарлалаа.
45 настай бизнес эрхлэгч, од бүсгүй уг санаачилгынхаа хүрээнд олсон бүх орлогыг Лос-Анжелесийн Хууль зүйн туслалцааны санд шилжүүлэх бөгөөд энэ нь эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд зориулагдах аж. Нийт гаргах гэж буй хувцаснуудын үнэлгээ ойролцоогоор 1 сая ам.долларт хүрч байгаа талаар мэдээлжээ.
Тэрээр энэ талаар “Цувралд би хуульчийн дүр бүтээсэн. Тэнд хууль эрх зүйн систем эмэгтэйчүүдэд боломж олгож ч чадна, эсвэл тэднийг орхиж ч мэднэ гэдгийг харуулдаг. Харин бодит амьдрал дээр ‘шударга ёсны үнэ’ гэдэг нь олон эмэгтэйд давж гарахад хэцүү саад болдог” хэмээн бичсэн байна.
Дуудлага худалдаа гуравдугаар сарын 27-ноос 29-ний хооронд явагдах бөгөөд Kardashian Kloset цахим платформ дээр зохион байгуулагдах аж.
“All’s Fair” цуврал нь 2025 оны сүүлээр Hulu платформд цацагдсан бөгөөд эрэгтэйчүүд давамгайлсан хуульчдын фирмээс гарч, өөрсдийн байгууллагыг байгуулсан эмэгтэй хуульчдын тухай өгүүлдэг. Тэд гэр бүлийн маргаан, салалтын төвөгтэй хэргүүдэд эмэгтэйчүүдийг хамгаалан ажилладаг байна.
Тус бүтээлд Ким Кардашьянтай хамт Сара Полсон, Наоми Уоттс нар тоглосон бөгөөд цувралыг хоёрдугаар улирлаар үргэлжлүүлэхээр болсон гэх мэдээлэл бий. Хэдийгээр Кимийн жүжиглэлт шүүмжлэл дагуулсан ч тэрээр уран бүтээлээ үргэлжлүүлсээр байна.
Түүнчлэн Ким Кардашьян өнгөрсөн онд зургаан жилийн сургалтаа дуусгаж, хуульчийн диплом авсан нь түүний энэ дүртэй давхцаж буй сонирхолтой тохиолдол болсон юм.







