Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБлейк Лайвли Жастин Бальдонитой холбоотой шүүхийн маргаанд том цохилт амслаа

Блейк Лайвли Жастин Бальдонитой холбоотой шүүхийн маргаанд том цохилт амслаа

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Гол нэхэмжлэлийнх нь ихэнхийг шүүх хэрэгсэхгүй болгожээ

“It ends with us” киноны найруулагч Жастин Бальдонитой холбоотой бэлгийн дарамтын дуулиант хэрэгт жүжигчин Блейк Лайвли шүүх дээр томоохон ялагдал хүлээлээ. BBC-ийн мэдээлснээр, Нью-Йоркийн холбооны шүүх түүний гаргасан гол нэхэмжлэлүүдийг хангах хангалттай хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн байна.

Шүүхийн дүгнэлтэд Блейк Лайвли уг төсөл дээр энгийн ажилтан бус, харин бие даасан түншийн статустай ажилласан гэж дурджээ. Иймээс түүний нэхэмжлэлдээ түшиглэсэн хуулиуд нь удирдлагын зүгээс дарамтад өртсөн доод шатны ажилтныг хамгаалах зорилготой бөгөөд тэгш эрхтэй бизнесийн түншүүдийн харилцаанд шууд үйлчлэхгүй гэж шүүх үзсэн байна.

Мөн Лайвлигийн тал шүүхийн харьяаллын асуудал дээр алдаа гаргасан нь түүний байр суурийг сулруулжээ. Тэр Калифорнийн бэлгийн дарамтаас хамгаалах хатуу заалтуудад тулгуурлан нэхэмжлэлээ гаргасан ч шүүгч зураг авалт болон маргаантай гэж үзсэн үйл явдлууд Нью-Жерсид болсон гэж онцолсон байна.

Зарим үйлдлийг нь найруулагчийн бүтээлч шийдэл гэж үзжээ

Шүүхийн шийдвэрт Жастин Бальдонигийн зарим үйлдэл, тухайлбал дотно хэсгүүд дээрх импровизаци эсвэл бэлгийн өнгө аястай сэдвээр ярилцсан байдал нь найруулагчийн бүтээлч ажиллах арга барилын хүрээнд байж болохыг дурдсан байна. Шүүхийн үзэж байгаагаар кино үйлдвэрлэлийн орчинд зохиолын хүрээнд хийгдэж буй уран бүтээлийн эрэл хайгуулд тодорхой хэмжээний эрх чөлөө байх ёстой бөгөөд энэ нь хүлээн зөвшөөрөгдөх хязгаараас даваагүй тохиолдолд өөрөөр үнэлэгдэх боломжтой аж.

Гэхдээ энэ шийдвэрийг Бальдони бүрэн цагаатгагдсан гэж тайлбарлах боломжгүй байна. Учир нь Лайвлигийн тал үндсэндээ хууль зүйн болон техникийн саадтай тулгарсан болохоос биш түүний гаргасан бүх гомдол худал гэж шүүх тогтоогоогүй юм.

Олон нийтийн сүлжээнд Лайвлиг шүүмжилсэн давлагаа өрнөв

Шүүхийн шийдвэр гарсны дараа жүжигчин бүсгүй цахим орчинд хүчтэй шүүмжлэлд өртжээ. Олон хэрэглэгч түүний энэ алхмыг карьер, нэр хүнддээ өөрөө хохирол учруулсан үйлдэл гэж дүгнэж, тэр “олон нийтийн шүүх”-д аль хэдийн ялагдсан гэж бичиж байна.

Daily Mail-ийн сэтгэгдлийн хэсэгт зарим хэрэглэгч “Лайвли өөрийн карьерыг хоосон асуудлаар сүйтгэлээ”, “Тэр ер нь ийм гомдол гаргах хэрэггүй байсан” гэх мэт хатуу байр суурь илэрхийлжээ.

Маргаан 2024 оноос хойш тасралтгүй өрнөж байна

Блейк Лайвли 2024 оны сүүлээр Жастин Бальдонигийн эсрэг шүүхэд хандсан. Түүний гол гомдлууд нь зураг авалтын үеэр найруулагч, хамтран тоглогчийн хувьд гаргасан гэх үйлдлүүдтэй холбоотой байв. Тухайлбал, Лайвли Бальдони түүнийг зохиолд зааснаас удаан тэвэрч байсан, дотно хэсгийн бэлтгэлийн үеэр зохисгүй хүрэлт хийж, “бэлгийн дарамттай уур амьсгал” бий болгосон гэж мэдүүлжээ.

Мөн тэр үед дөрөв дэх хүүхдээ төрүүлээд удаагүй байсан Лайвли өөрийг нь тэврэхээс өмнө жинг нь асуусан асуудлыг ил тод “body shaming” гэж үзсэн байна. Түүнчлэн нэгэн хэсгийн зураг авалтын үеэр “зогс” гэсэн дохио өгсний дараа ч Бальдони үнссээр байсан нь хувийн хил хязгаарыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж тэр тайлбарласан юм.

Хоёр талын маргаан илүү бохир хэлбэрт шилжив

Лайвли, Бальдони хоёрын хоорондох шүүхийн тэмцэл аажмаар илүү ширүүн, хувийн шинжтэй хэлбэрт шилжсэн байна. Бальдонигийн өмгөөлөгчид түүнийг хамгаалахын тулд зураг авалтын талбайн бичлэгүүд болон Лайвлигийн багийн хүмүүстэй бичсэн хувийн зурвасуудын хэсгийг нийтэд ил болгожээ.

Эдгээр зурвасын нэгэнд Блейк Бальдониг “бизнес яаж явдгийг ойлгодоггүй, хэт мэдрэмтгий жаал” хэмээн ёжилсон байв. Ийм төрлийн мессежнүүд олон нийтэд цацагдсанаар Лайвлигийн “хохирогч” гэсэн байр сууринд ихээхэн сөрөг нөлөө үзүүлжээ. Учир нь зарим хүмүүсийн хувьд тэр илүүтэйгээр нөхцөл байдлыг өөрөө хурцатгаж байсан хүчтэй байр суурьтай хүн мэт харагдсан байна.

Райан Рейнольдс, Тейлор Свифт нарын нэр ч хэрэгт холбогдов

Жастин Бальдони ч мөн өөрийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж, Блейк Лайвли болон түүний нөхөр Райан Рейнольдсыг өөрийн карьерыг унагаах зорилготойгоор хамтран ажилласан гэж буруутгасан байна. Түүний тайлбараар, тэд өөрийг нь “хортой хүн” гэсэн яриаг санаатай тарааж, киногоос шахан гаргах нөхцөл бүрдүүлсэн аж.

Энэ хэргийн хүрээнд дуучин Тейлор Свифтийн нэр ч хөндөгдсөн. Зарим зурваст Блейк өөрийгөө “Game of Thrones”-ын Халиси-тай зүйрлэж, өөрийн “луу” болох Свифтийн медиа нөлөө түүнд тусална гэсэн утгатай зүйл бичсэн нь ил болсон байна. Үүний дараа Тейлор Свифт Лайвлигээс аль болох зай барихыг хичээсэн гэх мэдээлэл гарчээ.

Лайвли бүрэн зогсоогүй ч шүүхийн боломж нь эрс хумигдав

Хамгийн сүүлд болсон шүүх хурлаар Блейк Лайвлигийн гаргасан 13 шаардлагын 10-ыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Гэсэн ч тэр Жастин Бальдонигийн Wayfarer Studios компанийн эсрэг гурван асуудлаар шүүхийн маргаанаа үргэлжлүүлэх боломжтой хэвээр байгаа аж. Эдгээр нь гэрээ зөрчсөн, өшөө авалт, өшөө авалтад хамтран оролцсон гэх үндэслэлүүд юм.

Үүнээс өмнө, 2025 оны зургаадугаар сард шүүх мөн Бальдонигийн Лайвли болон Райан Рейнольдсийн эсрэг гаргасан 400 сая ам.долларын нэр төрд халдсан, киног “булаан авахыг оролдсон” гэх сөрөг нэхэмжлэлийг ч хэрэгсэхгүй болгож байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Muunuu 4 сар 6, 2026 - 06:38

Киноны нэр нь “It ends with us” шүү.

Хариулах

Сэтгэгдэл үлдээх