Бритни Спирс өөрөө сайн дураараа эмчилгээний төвд хэвтсэн бол хуучин нөхөр нь энэ шийдвэрийг нь дэмжиж байна
Бритни Спирсийн хуучин нөхөр Кевин Федерлин дуучин бүсгүй эмчилгээний төвд хэвтсэн тухай мэдээлэл гарсны дараа өөрийн байр сууриа хуваалцлаа.
Өдгөө 44 настай Бритни Спирс дөрөвдүгээр сарын 12-ны ням гарагт сайн дураараа эмчилгээний төвд хэвтсэн болохыг түүний төлөөлөгч PEOPLE сэтгүүлд баталсан байна. Энэ шийдвэр нь гуравдугаар сарын 4-нд Калифорни мужийн Вентура хотод хар тамхи болон согтууруулах ундааны нөлөөн дор тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчлагдсанаас хойш таван долоо хоногийн дараа гарчээ. Түүнийг тухайн үед баривчилсан ч маргааш нь сулласан байдаг.
Дөрөвдүгээр сарын 13-ны даваа гарагт Федерлиний өмгөөлөгч Марк Винсент Каплан TMZ-д мэдэгдэл өгч, 48 настай Кевин энэ мэдээллийг мэдэж байгаа гэжээ.
Тэрээр, “Тэр Бритни тусламж авч байгаад баяртай байна. Хэрэв үнэхээр тийм бол энэ шийдвэрийг өөрөө гаргасан, бусдын албадлагаар биш байгаасай гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Каплан, “Хамгийн чухал нь ямар эмчилгээний төлөвлөгөө зөвлөсөн байна, түүнийг бүрэн дагаж, дуусгах явдал” гэж онцолжээ.
Баривчилгааны дараа Бритни ихэд цочирдсон бөгөөд шоронд орохоос айж байсан гэв
Өмгөөлөгч Каплан өмнө нь Бритни баривчлагдсаны дараа ч мөн TMZ-д байр сууриа илэрхийлж байсан юм. Тэр үедээ, “Кевин Бритнид хамгийн сайн сайхныг хүсэж байна. Хэрэв түүнд тусламж хэрэгтэй бол тэр үүнээс болон түүнд туслахыг оролдож буй хүмүүсээс татгалзахгүй байгаасай гэж хүсэж байна” гэж хэлжээ. Мөн энэ нь нэг удаагийн тохиолдол уу, эсвэл дахин давтагдах шинжтэй зүйл үү гэдэгт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Федерлин, Спирс нар 2004 онд танилцаж, мөн тэр жилдээ гэрлэсэн. Харин 2006 онд салалтын өргөдлөө өгч байжээ. Тэд Шон Престон, Жейден Жеймс нэртэй хоёр хүүтэй бөгөөд өдгөө 20, 19 настай аж.
Бритни гуравдугаар сарын 5-нд суллагдсаны дараа түүний төлөөлөгч PEOPLE-д өгсөн мэдэгдэлдээ уг явдлыг “огт зөвтгөх аргагүй харамсалтай хэрэг” гэж нэрлэсэн байна. Тэр мөн Бритни хуулийг дагаж мөрдөх зөв алхмуудыг хийх бөгөөд энэ нь түүний амьдралд аль хэдийн хэтэрхий удаж буй өөрчлөлтийн эхлэл болж магадгүй гэж онцолжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, баривчилгааны дараа Бритни маш их цочирдсон байжээ. Тэр шоронд орохоос айж байсан бөгөөд эмчилгээний төвд хэвтэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг ойлгоход хэдэн долоо хоног зарцуулсан аж. Түүнтэй ойр хүмүүс баривчлагдсанаас нь хойш эмчилгээ хийлгэхийг байнга зөвлөж байсан бөгөөд түүнийг тойрсон орчин үнэхээр санаа зовниж, дэмжихийг хичээж байсан ч энэ нь амар байгаагүй гэжээ.
Хөвгүүд нь ч мөн Бритниг эрүүл болохыг хүсэж, эмчилгээ хийх шийдвэрт нь нөлөөлсөн байна
Өөр нэг эх сурвалжийн хэлснээр, Бритни нөхцөл байдлынхаа ноцтойг ойлгож, цааш явахын тулд эмчилгээ хийх нь хамгийн зөв алхам гэж үзсэн байна. Тэр мөн энэ бүхэнд маш их сэтгэл хөдөлж, харамсаж байсан бөгөөд энэ хэрэг хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлөх бол гэдгээс ичиж зовниж байжээ. Тэр хөвгүүддээ маш их хайртай бөгөөд тэдэндээ урам хугалж байна гэж мэдрүүлэхийг огт хүсээгүй гэж эх сурвалж онцолсон байна.
Түүнчлэн өөр нэг эх сурвалж Шон, Жейден хоёр ээждээ дэмжлэг үзүүлсэн гэж хэлжээ. Тэд Бритниг эмчилгээний төвд хэвтэх шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд ээждээ зөвхөн эрүүл байгаасай гэж хүсэж байгаагаа ойлгуулсан аж.
1 comment
Ийм үед дэмжлэг хэрэгтэй байдаг