Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх “Нар-Анир” хамтлаг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдаж буй “Hangang Campus Song Festival 2026” олон улсын уралдааны финалын шатанд шалгарсан байна.
Дэлхийн олон орны нийт 189 хамтлаг оролцсон энэ удаагийн наадамд “Нар-Анир” үндэсний болон орчин үеийн хөгжмийн элементийг хослуулсан уран бүтээлээрээ өрсөлдөж, эхлээд шилдэг 15 оролцогчийн нэгээр нэрлэгдсэн юм. Улмаар дараагийн шалгаруулалтаар шилдэг 5 хамтлагийн эгнээнд багтаж, финалын тайзанд гарах эрх авчээ.
Тус хамтлаг ирэх тавдугаар сарын 2-нд БНСУ-ын Сөүл хотын Jamwon Hangang Park-д болох эцсийн шатны тоглолтод дахин уран бүтээлээ толилуулах бөгөөд уг шалгаруулалтыг KBS телевизээр олон улсад дамжуулах аж.
“Нар-Анир” хамтлагийн ахлагчаар дуучин А.Ууганзаяа ажилладаг бол бүрэлдэхүүнд морин хуурч, хөөмийч Б.Баярбаатар, хэл хуурч, бүжигчин Б.Батням, гитарчин, хөгжмийн найруулагч Д.Очсүрэн нар багтдаг байна.
Тэд уран бүтээлийн чанар, шинэлэг хэв маяг, үндэсний өнгө аясыг орчин үеийн хөгжимтэй уялдуулсан онцлогоороо ялгарч байгаа бөгөөд цаашид Монголын хөгжмийн урлагийг дотоод, гадаадын тайзнаа илүү өргөн хүрээнд таниулан сурталчлах зорилготой ажиллаж байгаа аж.