Сүүлийн өдрүүдэд Солонгосын романтик инээдмийн “Таны амт” нэртэй дорама Netflix дээр амжилтад хүрч, олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Рейтинг ба үзэлтээр тэргүүлж байна
Nielsen Korea-ийн мэдээлснээр дөрөвдүгээр анги гарснаар тус цувралын улсын дундаж рейтинг 3.1 хувьд хүрч, хамгийн өндөр үзүүлэлтээ тогтоожээ. Мөн Netflix-ийн англи бус хэлээр бүтээгдсэн цувралуудын дэлхийн Топ-10 жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, 6.6 сая удаа үзэгдсэн байна (2025 оны тавдугаар сарын 12-18-ны хооронд). FlixPatrol сайтын 5-р сарын 22-ны үзүүлэлтээр тус цуврал 50-иас дээш оронд Топ-10 байрт орсон бөгөөд БНСУ, Боливи, Гонконг, Индонез, Малайз, Сингапур, Вьетнам зэрэгт 1-р байрыг эзэлжээ.
Хоолны тухай хайр дурлалын түүх
“Таны амт” цуврал нь Хан Бом У (Кан Ха Ныль) гэх хүнсний корпорацийн өв залгамжлагч, мөн Мо Ён Жү (Го Мин Ши) гэх зөрүүд тогооч хоёрын тухай өгүүлдэг. Хоол хүнсний талаарх үзэл бодол, амьдралын зам мөр нь тэс өөр ч, тэд Чонджу хотын нэгэн жижиг ресторанд хамтран ажиллаж, бие биедээ татагдаж эхэлнэ.
“Акула 2: Шуурга” TVING дээр шуугиулж байна
TVING платформ дээр нээлтээ хийсэн “Акула 2: Шуурга” хэмээх оригинал триллер эхний долоо хоногтоо хамгийн өндөр захиалгатай цуврал болсон бөгөөд Индонезын Vidio платформын трендэд ч оржээ.
Тус цуврал нь “Акула: Эхлэл” киноны үргэлжлэл бөгөөд Ча У Соль (Ким Мин Сок) шоронгоос гарсны дараа холимог тулааны спортод бүхнээ зориулж, аймшиггүй өрсөлдөгч Хён У Ён (Ли Хён Ук)-той тулгарч буй тухай өгүүлдэг. Амьд үлдэх, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд тэрээр өөрийнхөө айдсыг даван туулж, хязгаарыг тэлсээр илүү хүчирхэг болж байна.
“Есдүгээр эвлүүлдэг тоглоом” Disney+ дээр хүчтэй эхлэлтэй
2025 оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийсэн Disney+ платформын “Есдүгээр эвлүүлдэг тоглоом” хэмээх гэмт хэргийн триллер Япон, Сингапур, Тайвань зэрэгт Топ-10 жагсаалтад орсон бөгөөд БНСУ-д 1-р байрт жагсжээ.
Тус түүх нь 10 жилийн өмнөх оньсого мэт хэргийн цорын ганц гэрч болсон профайлер Юн И На (Ким Да Ми), тухайн үед хэргийн мөрдөн байцаалтыг хариуцаж байсан, түүнийг одоо ч сэжиглэж буй гэмт хэргийн мөрдөгч Ким Хан Сэм (Сон Сок Гу) хоёрын хамтран хэрэг мөрдөж буйг харуулна. Уг хэрэг нууцлаг эвлүүлдэг тоглоомын хэсгүүдтэй холбоотой олон хүн амины хэрэгтэй дахин холбогдож эхэлдэг.