Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесМэттью Перригийн туслахад 41 сарын хорих ял оноолоо

Мэттью Перригийн туслахад 41 сарын хорих ял оноолоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Мэттью Перри агсны туслах Кеннет Ивамаса түүнд үхэлд хүргэх хэмжээний кетамин тарьсан хэрэгт буруутгагдаж, 41 сарын хорих ял сонслоо.

Прокуроруудын мэдээлснээр, Кеннет Ивамаса Мэттью Перригийн хүсэлтээр түүнд кетамин тарьсны дараа ажил амжуулахаар гэрээс нь гарсан байна. Харин буцаж ирэхэд жүжигчин аль хэдийн нас барсан байжээ.

Кеннет Ивамаса шүүх танхимд уучлал хүсэв

Лхагва гарагт буюу 2026 оны тавдугаар сарын 27-нд шүүгч Шерилин Гарнетт Кеннет Ивамасад ял оноосон байна. Шүүхийн шийдвэрийн дараа тэрээр Мэттью Перригийн гэр бүлийнхэн рүү эргэж хараад “Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Үүрд харамсаж явах хууль бус үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна” гэж хэлжээ.

Шүүх хуралд Мэттью Перригийн гэр бүлийнхнээс хойд эцэг Кэйт Моррисон үг хэлсэн байна. Тэрээр Кеннет Ивамаса жүжигчний кетамины донтолт улам хүндэрч байгааг холбогдох хүмүүст мэдэгдэхийн оронд түүний гэрт “хаан мэт” амьдрахыг сонгосон гэж мэдэгджээ.

Задлан шинжилгээгээр кетамины цочмог нөлөө тогтоогджээ

Задлан шинжилгээний тайланд Мэттью Перри кетамины цочмог нөлөө болон бусад хүчин зүйлсийн улмаас ухаан алдаж, улмаар живж нас барсан гэж дурдсан байна.

Кеннет Ивамаса өөрийн гэм буруугаа хүлээсэн бөгөөд үүнээс гадна Мэттью Перригийн үхэлтэй холбоотой өөр дөрвөн хүний эсрэг чухал баримт мэдээлэл өгчээ.

Хэрэгт холбогдсон бусад хүмүүс ч ял сонссон

Мэттью Перригийн үхэлтэй холбоотой хэрэгт хоёр эмч, нэг хар тамхи борлуулагч, нэг хар тамхи тээвэрлэгч мөн буруутгагдсан байна.

Тэдний дундаас “Кетамины хатан” гэгддэг хар тамхины наймаачин Жасвин Сангхва хамгийн урт хугацааны ял буюу 15 жилийн хорих ял сонсжээ.

Донтолт, эмийн хяналттай холбоотой дуулиан

Мэттью Перригийн үхэл Холливуд дахь эмийн зохисгүй хэрэглээ, донтолт, алдартнуудын эргэн тойрон дахь хүмүүсийн хариуцлагын асуудлыг дахин сөхсөн хэрэг болсон юм.

Кеннет Ивамасад оноосон 41 сарын хорих ял нь уг хэрэгт холбогдсон хүмүүсийн хариуцлагын нэг хэсэг болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх