Лхагва гарагт АНУ-ын холбооны шүүх “Friends” цувралын жүжигчин Мэттью Перрийг 2023 онд амиа алдахад хүргэсэн хэрэгт гэм буруугаа хүлээсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноолоо.
42 настай яллагдагч Жасвин Санга нь жүжигчинд кетамин худалдсан хүн аж. Перри уг бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 54 насандаа нас барсан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт таван хүн гэм буруугаа хүлээснээс Санга ял сонссон гурав дахь хүн болж байна.
Перри 1990, 2000-аад онд “Friends” цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээснээрээ тухайн үеийн телевизийн хамгийн алдартай оддын нэг болсон билээ.
Прокуроруудын санал болгосон 15 жилийн хорих ялыг шүүх хэвээр үлдээсэн байна. Тусгай хүрээний үйлчлүүлэгчдэд мансууруулах бодис нийлүүлдэг байсан Санга “Кетамины хатан хаан” гэх хочоор танигдсан нэгэн байжээ. Түүний өмгөөлөгчид 2024 оны наймдугаар сараас хойш цагдан хоригдсон хугацааг ялд нь оруулах, хоригдож байх хугацаандаа сайн үлгэр жишээ үзүүлсэн, цаашид дахин хар тамхины наймаанд орох эрсдэл бага гэсэн үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргаж байсан байна.
Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан Перрийг мэс ажилбарын үед мэдээ алдуулахад ашигладаг кетаминыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлгийн шинжээчид гаргаж байжээ. Перри сэтгэл гутралын эмчилгээний хүрээнд уг бодисыг хууль ёсоор хэрэглэж байсан ч эмчийн зөвлөсөн хэмжээнээс илүү хэрэглэх хүсэл нь түүнийг үхэлд хүргэсэн байна.
Жүжигчний эмч Сальвадор Пласенсиа түүнд нэмэлт кетамин олж өгснөө хүлээн зөвшөөрч, 2.5 жилийн хорих ял сонссон юм.
Мөрдөн шалгалтаар Санга нь Перри нас барахаас дөрөв хоногийн өмнө үхлийн тунтай 25 шил кетаминыг 6000 ам.доллароор зарсан нь тогтоогджээ.
Пласенсиад кетамин олж өгч байсан өөр нэг эмч найман сарын гэрийн хорионы ял авсан байна. Харин Перрид кетамин олж авахад нь зуучилж байсан түүний туслах болон нэг найз нь одоо хүртэл шүүх хурлаа хүлээж байгаа аж.
Санга өмнө нь Перритэй холбоогүй өөр нэг хүний үхэлд ч нэр холбогдож байжээ. Түүнээс өндөр тунтай кетамин худалдан авсан 33 настай Коди Маклори 2019 онд амиа алдсан байна. Маклори тун хэтрүүлэн нас барсныг мэдсэн атлаа Санга наймаагаа үргэлжлүүлсээр байсан нь түүнд олон жилийн хорих ял онооход нөлөөлсөн гэж үзжээ. Мөрдөн байцаалтын баримтад дурдсанаар, Перригийн нас барсан тухай сонсоод ч тэр ижил төстэй хүйтэн хандлага үзүүлсэн байна.
