Олон улсын архивын өдрийг тохиолдуулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Жамбалын Энэбиш өөрийн 60 жилийн судалгааны ховор үнэт баримтыг Үндэсний төв архивт албан ёсоор шилжүүллээ. Энэхүү арга хэмжээ нь зургадугаар сарын 9-нд боллоо.
Профессор Ж.Энэбиш олон арван жилийн турш Хүннү гүрний үеийн малчин нүүдэлчдийн дуу хөгжмийн соёл, түүхийг судалж, 40 боть бүтээл туурвисан бөгөөд тэр дундаа “Монгол хөгжмийн их нүүдэл” цуврал 5 боть ном нь онцгой байр суурь эзэлдэг. Тэрээр тус бүтээлүүдийн хянан тохиолдуулалт, боловсруулалтад хамтран ажилласан эрдэмтэн Л.Дашнямд талархлаа илэрхийлж:
“Лувсанвандан багшийн удирдлага дор Хүннү гүрний үеийн малчин нүүдэлчин монголчуудын дуу хөгжмийн түүхийг 60 жил судаллаа. 40 боть ном хэвлүүлжээ… Дурссан хугацаанд хийсэн цаасан болон хальсны өвийг Үндэсний төв архивын сан хөмрөгт өвлүүлж байгаадаа нэн баяртай байна” хэмээн онцолсон юм.
Өв тээгчдээс авсан хосгүй бичлэгүүд
Профессорын судалгааны хүрээнд:
- Монгол орны 18 аймаг, 330 гаруй сум, бригад-аас олон арван цагийн дуу хуурын бичлэг цуглуулжээ
- Гадаад улс орнуудаас тухайлбал, БНХАУ, ОХУ, Тува дахь монголчуудын өв тээгчдээс 8 цагийн бичлэг бэлтгэж, томоохон сан бүрдүүлсэн байна
- Судалгааны үр дүн, бичлэг, хальс, эх хувилбарууд нь цаашид магистр, докторант оюутнууд болон судлаачдад үнэ цэнтэй хэрэглэгдэхүүн болох юм
Үзэсгэлэн гаргаж, түүхэн мөчийг хуваалцлаа
Арга хэмжээнд:
- Профессорын гэр бүлийнхэн, шавь нар, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн, МУБИС-ийн Хэл зохиолын тэнхимийн төлөөллүүд оролцсон
- Үндэсний төв архивын хөмрөгт хүлээлгэн өгсөн баримт бичгүүдийг багтаасан бичил үзэсгэлэн дэглэгдэж, хүндэт зочдод танилцуулсан байна
Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үндэсний хэмжээнд хадгалж, олон нийтэд нээлттэй болгох нь монгол соёлын үнэт өвийг хамгаалан үлдэх томоохон алхам болж байна.

