Нүүр хуудас Үйл явдал ба зарДуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын наадамд Монголыг төлөөлнө

Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын наадамд Монголыг төлөөлнө

0 сэтгэгдэлүүд

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын эрэгт өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 31-нд “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадам эхэлж байна. Тус наадамд Монгол Улсаас Улсын филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах оролцохоор болжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг энэ жил Киргизстан Улс Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөр болон түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулж байна.

Оролцогчид хоёр төрөлд өрсөлдөх юм. “Ethno Hit” буюу үндэсний хит төрөлд уран бүтээлчид үндэсний хэл дээрх бүтээлээ орчин үеийн найруулгатайгаар хүргэнэ. Харин “World Hit” буюу дэлхийн хит төрөлд олон улсын алдартай бүтээлүүдийг өөрийн өвөрмөц найруулга, тайлбартайгаар толилуулах аж.

Энэ удаагийн наадам Киргизийн “Угсаат адуу, морин спорт хийгээд угсаатны соёлын хөгжлийн улсын төв” болох Бактуу-Долоноту ипподромын тайзнаа болно. Монгол, Киргиз, Казахстан, Орос, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг нийт 20 орны 21 уран бүтээлч тус бүр хоёр дуугаар өрсөлдөхөөр байна.

“Meikin Asia” энэ жил олон улсын этно-фестиваль гэсэн шинэ өнгө төрхтэйгөөр “Echo of Nomads Көчмөндөр Жаңырыгы” буюу “Нүүдэлчдийн цуурай” нэрийн дор зохион байгуулагдаж, есдүгээр сарын 6-нд ялагчаа тодруулах юм.

Иссык-Куль нуурын эрэг дээрх Чолпон-Ата хотод эхэлж буй “Нүүдэлчдийн цуурай” наадмын зохион байгуулагчид Төв Ази, Европ, Ойрх Дорнодын уламжлалт нүүдэлчдийн соёлын өв, язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалуудтай хослуулан дэлхий дахинд шинэлэг байдлаар танилцуулахыг зорьж байна.

Тухайлбал, этно-поп, фолк-рок, электро зэрэг урсгалаар дамжуулан нүүдэлчин ард түмний өв соёлыг шинэ үеийн хөгжимтэй холбох нь наадмын гол онцлог болжээ.

Энэхүү наадам нь нүүдэлчдийн соёл иргэншил дэлхийн соёлын өвийн чухал хэсэг хэвээр байгааг харуулахын зэрэгцээ орчин үеийн хөгжим, бүтээлч төслүүдэд урам зориг өгсөөр буйг илэрхийлэх зорилготой юм.

Ийнхүү дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, нүүдэлчдийн соёл, үндэсний өнгө аясыг олон улсын тайзнаа хүргэхээр боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх