Загвар өмсөгч Barbara Palvin анхны хүүхдээ өлгийдөн авснаас хойш ердөө зургаан долоо хоногийн дараа Victoria’s Secret Fashion Show-ийн тайзнаа эргэн гарчээ. 33 настай модель Los Angeles-д болсон шоуны арын хэсэгт ярилцлага өгөхдөө эх хүний шинэ амьдрал болон ийм богино хугацаанд тайзнаа эргэн ирсэн тухайгаа нээлттэй ярьсан байна.
Barbara Palvin болон түүний нөхөр Dylan Sprouse анхны хүүхэдтэй болсноо есдүгээр сарын 28-нд олон нийтэд зарласан. Хос охинтой болсон бөгөөд одоогоор түүний нэрийг албан ёсоор олон нийтэд зарлаагүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Аравдугаар сарын 18-нд болсон Victoria’s Secret-ийн шоуны үеэр Barbara Palvin төрсний дараах зургаан долоо хоногийн хугацаа дуусах гэж байгааг дурдан:
“Маргааш яг зургаан долоо хоног болно. АНУ-д олон хүн зургаан долоо хоногийн дараа ажилдаа эргэн ордог гэж бодож байна. Тиймээс тийм ч том зүйл биш. Би өөрийгөө үнэхээр сайн мэдэрч байна. Victoria’s Secret-ийн баг намайг энэ шоунд оролцуулж, эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа нь надад маш их хүч өгч байна”
гэжээ.
Гэхдээ төрсний дараах сэргэлтийн хугацаа хүн бүрт өөр бөгөөд зургаан долоо хоногт ажилдаа эргэн орох нь бүх хүнд тохиромжтой гэсэн үг биш юм. Эмэгтэй бүрийн биеийн байдал, төрөлтийн явц, эмчийн зөвлөгөө ялгаатай байдаг.
“Ээж болох нь хөгжилтэй ч бас аймшигтай”
Barbara Palvin шоуны тайзнаа ягаан өнгийн нимгэн, романтик загвартай хувцастай гарч, үсээ хөвсгөр засалттай, зөөлөн ягаан будалтаар дүр төрхөө бүрдүүлжээ.
Харин тайзны ард тэр эх хүн болсон амьдралаа “хөгжилтэй атлаа аймшигтай” гэж тодорхойлсон байна.
“Үнэхээр адал явдал шиг. Хөгжилтэй ч бас аймшигтай. Галзуу хулгана шиг л санагдаж байна”
гэж Barbara ярьжээ.
Тэр нөхөр Dylan Sprouse-ийн талаар ч халуун дулаан үг хэлсэн байна.
“Dylan үнэхээр сайн. Тэр үргэлж аав болохыг хүсдэг байсан. Охины аавын дүр түүнд үнэхээр зохидог гэж бодож байна. Тэр өөрөө өмнө нь мэддэггүй байсан ч яг охины аав байхаар төрсөн хүн шиг”
гэжээ.
Barbara-ийн хэлснээр тэд хоёулаа эцэг эхийн шинэ үүрэгтээ дасаж, өдөр бүр суралцаж байгаа аж.
“Тэр энэ үүрэгтээ орж байна. Бид хоёулаа суралцаж байгаа. Маш том өөрчлөлт. Гэхдээ бид чадах бүхнээ хийж байна”
хэмээн тэр ярьжээ.
Dylan Sprouse шоуны үеэр үзэгчдийн дунд сууж, эхнэрээ тайзнаа алхахыг дэмжин харсан байна.
Victoria’s Secret-ийн шоу өндөрлөсөн ч Barbara Palvin амралтаа авахаар төлөвлөөгүй бололтой. Тэр гэр бүлийнхээ Halloween-ийн үдэшлэгийг хэдэн сарын өмнөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд бяцхан охиндоо хэд хэдэн хувцасны сонголт хүртэл бэлдсэн гэжээ.
“Би Halloween-ийн үдэшлэгийг бүхэлд нь өөрөө зохион байгуулж байгаа. Бүх зүйл хэдэн сарын өмнөөс төлөвлөгдсөн”
хэмээн Barbara хэлсэн байна.
Тэр мөн охиндоо зориулж хэд хэдэн өөр хувцас сонгосноо догдлон ярьжээ.
Ийнхүү Barbara Palvin анхны хүүхдээ төрүүлсний дараах шинэ амьдралтайгаа дасан зохицохын зэрэгцээ Victoria’s Secret-ийн тайзнаа эргэн гарч, загварын ертөнц дэх карьераа үргэлжлүүлж байна.