Парисын загварын долоо хоногийн тухай нийтлэлдээ Elle UK сэтгүүл Blackpink-ийн Rose, дуучин Charli XCX, загвар өмсөгч Хейли Бибер, жүжигчин Зое Кравитц нарын хамт авхуулсан зургийг нийтэлсэн боловч Rose-ийг тасалж оруулсан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэл дагууллаа.
Маргааны эхлэл
- W Magazine тухайн зургийн бүтэн хувилбарыг нийтэлснээр Elle UK зурагт өөрчлөлт оруулж, дөрвөн хүнийг гурван хүн мэт харагдуулсныг олон нийт илрүүлжээ.
- Энэ үйлдэл нь арьс өнгөөр ялгаварлах, гадаад төрхөөр нь үл тоомсорлох хандлагатай холбон дүгнэгдэж, маргаан улам өрнөв.
- Дуучин Charli XCX мөн Rose-ийн бараг харагдахгүй шахам, сүүдэрт үлдсэн зургийг нийтэлсэн нь асуудлыг улам хурцатгасан байна.
Rose бол Yves Saint Laurent-ын элч
Зураг дээрх дөрвөн уран бүтээлч бүгд Yves Saint Laurent брэндийн 2026 оны хавар, зуны шинэ цуглуулгын хувцсыг өмссөн байв. Гэвч брэндийн элч төлөөлөгч Rose-ийг хассан явдал нь олон нийтэд бүр ч эмзэглэл төрүүлсэн юм.
Elle UK-ийн тайлбар
Их Британийн сэтгүүл уг зургийг устгаж, албан ёсоор уучлал гуйжээ. Тэд Instagram хуудсаараа дамжуулан:
- Хэн нэгнийг санаатайгаар үл тоомсорлоогүй
- Гомдоох зорилгогүй байсан
гэж мэдэгдсэн бөгөөд дараа нь Rose-ийн ганцаар авхуулсан зургуудыг нийтэлсэн байна.

