К-попын анхны үеийн домог дахин хөдөлгөөнд орлоо
К-попын анхны үеийн хамтлагуудын нэг гэж нэрлэгддэг H.O.T. 30 жилийн ойн босгон дээрээ дахин идэвхтэй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Ирэх жил тэд дебютээ хийснээс хойших 30 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотойгоор тусгай эргэн ирэлт, төслүүдээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хамтлагийн таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэн “Hanteo Music Festival”-ийн тайзан дээр гарч уран бүтээлээ толилуулсан нь сүүлийн зургаан жилийн хугацаанд хийсэн анхны бүрэн бүрэлдэхүүнтэй тоглолт байв.
Сүүлд тэд 2019 оны есдүгээр сард Сөүл хотын “Gocheok Sky Dome”-д бүх гишүүнээрээ буюу тавуулаа тоглолт хийж байсныг фенүүд нь сайн санаж байгаа.
“Hanteo Music Festival” дээрх тайз: шинэ, хуучны үе нэг дор
Энэ удаагийн “Hanteo Music Festival” Инчон хотын “Inspire Arena”-д болж, к-попын домог болсон H.O.T.-оос гадна “2AM”, “Teen Top”, “Solar of Mamamoo”, “Oh My Girl”, “fromis_9”, “tripleS”, “Identity” зэрэг шинэ, хуучин үеийг төлөөлсөн уран бүтээлчид оролцжээ.
Ингэж өөр өөр үеийн уран бүтээлчид нэг тайзан дээр цуглах нь фенүүдийн хувьд ч, оролцогч уран бүтээлчдийн хувьд ч онцгой мөч болсон юм.
H.O.T. хамтлагийн гишүүн Кангта тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Өөр өөр үеийн уран бүтээлчид нэг тайзнаа гарна гэдэг амаргүй. Залуу үетэйгээ хамт уран бүтээлээ толилуулсандаа талархахын зэрэгцээ сэтгэл их хөдөллөө” гэжээ.
H.O.T. – орчин үеийн к-попын замыг зассан хамтлаг
H.O.T. хамтлаг анх 1996 онд “SM Entertainment”-ийн менежмент дор дебют хийж байв. Тэднийг өнөөгийн к-попын бүтэц, фэн соёл, тоглолтын формат, айдол систем бүрэлдэхэд томоохон түлхэц өгч, “орчин цагийн к-попын жинхэнэ эхлэл”-ийг тавьсан хамтлагуудын нэг гэж үздэг.
Тэдний эргэн ирэлт, 30 жилийн ойг угтсан үйл ажиллагаа нь к-попын эхний үеийн уран бүтээлчид өнөөгийн шинэ үеийн хамтлаг, дуучидтай зэрэгцэн тайзнаа зогсож, олон үеийн фенүүдийг нэгэн зэрэг догдлуулж байгаагийн бэлгэдэл болон харагдаж байна.