Нүүр хуудас Фешн ба стильPrada Versace-г “булаан авлаа”: Тансаг зах зээлийг доргиосон хэлцэл албан ёсоор хаагдлаа

Prada Versace-г “булаан авлаа”: Тансаг зах зээлийг доргиосон хэлцэл албан ёсоор хаагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Италийн тансаг загварын аварга Prada групп Versace брэндийг худалдаж авах урт хугацааны, олон талт хэлэлцээрээ өчигдрөөр албан ёсоор дуусгасан тухайгаа зарлалаа. Ингэснээр дэлхийн тансаг эдлэлийн зах зээл дээр хүчний тэнцвэрийг өөрчилж мэдэх томоохон нэгдэл бодит боллоо.

Capri–Tapestry-ийн бүтэлгүй хэлцлээс Prada–Versace-ийн түүх эхэлсэн нь

Versace брэндийг өмнө нь АНУ-д бүртгэлтэй Capri Holdings компани эзэмшиж байсан. Capri уг брэндийг Tapestry-д (Coach, Kate Spade зэрэг брэндийн эзэн) худалдахаар оролдсон ч монополийн эсрэг зохицуулах байгууллагууд уг хэлцлийг зөвшөөрөөгүй.

Ийнхүү Capri–Tapestry-ийн наймаа нурсныхаа дараа энэ оны дөрөвдүгээр сард Prada, Versace-г 1.3 тэрбум еврогийн үнээр худалдан авах гэрээг Capri-тай байгуулсан юм.

Гэрээ байгуулагдсан цагаас хойш Versace-г Prada группийн бүтцэд нэгтгэх процесс ойролцоогоор хагас жилийн турш үргэлжилж, одоо албан ёсоор өндөрлөж буйг компанийн зүгээс мэдэгдэж байна.

Лоренцо Бертелли Versace-г удирдахаар зэхэж байна

Prada брэндийг үндэслэгч Миучча Прада, Патрицио Бертелли нарын хүү Лоренцо Бертелли өнгөрсөн сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа, нэгдлийн үйл явц дуусмагц Versace брэндийн гүйцэтгэх захирлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ил болгосон.

Тэрээр энэ үеэр Versace бол Prada группийн олон жилийн турш “нүдэлж” явсан стратегийн зорилтот брэндүүдийн нэг байсан гэдгийг онцолж, худалдан авалт санамсаргүй алхам биш, харин удаан хугацаанд бэлтгэсэн шийдвэр гэдгийг тодотгожээ.

Лоренцо Бертелли тухайн яриандаа:

“Цар тахлын үеэр буюу Capri, Tapestry хоёрын наймаанаас ч өмнө бид энэ талаар ярилцаж эхлээд байсан. Монополийн асуудлын улмаас уг наймаа бүтэлгүйтсэний дараа бид яриа хэлэлцээгээ хурдасгасан юм”

хэмээн тайлбарласан нь Prada ямар хугацаанд, ямар нөхцөлтэйгөөр Versace-д анхаарлаа төвлөрүүлж ирснийг харуулж байна.

Versace – Миланаас төрсөн зоримог тансаг хэв маягийн домог

Versace брэндийг 1978 онд Милан хотод загвар зохион бүтээгч Жанни Версаче үүсгэн байгуулсан бөгөөд хүчтэй, зоримог силуэт, алтан деталь, барокко хэв маягийн хэв загвараараа дэлхийн тансаг загварын ертөнцөд өөрийн “гарын үсэг”-ийг үлдээсэн брэнд юм.

Prada-н зүгээс Versace-г өөртөө нэгтгэснээр Италийн тансаг эдлэлийн ертөнцөд нэг дор гурван хүчтэй нэр — Prada, Miu Miu, Versace — нэг группийн дор төвлөрөх стратегийн том өөрчлөлт хийгдэж байна.

Prada группийн стратегийн шинэ үе: Prada, Miu Miu, одоо Versace

Prada групп одоогоор өөрийн нэрийн Prada брэндээс гадна залуу, эрчтэй, хурдтай өсөж буй Miu Miu брэндийг эзэмшдэг. Эдгээр дээр Versace нэмэгдсэн нь тансаг сегмент дотор өндөр үнэтэй, тод хэв маягтай брэндүүдийг нэг кластер болгон удирдах боломжийг Prada-д олгож байна.

Лоренцо Бертелли уг худалдан авалтын шийдвэрт нөлөөлсөн хоёр гол хүчин зүйл байсан гэж тайлбарлажээ. Нэгдүгээрт, хэлцлийн санхүүгийн эрсдэл харьцангуй бага гэж үзсэн. Хоёрдугаарт, Versace брэндийн нэр дэлхий даяар хангалттай танигдсан, бэлэн суурьтай байсан нь Prada-г ийм хэмжээний худалдан авалт хийхэд түлхэц өгсөн байна.

Донателлагийн огцролт, шинэ үеийн Versace-г хэн тодорхойлох вэ?

Prada худалдан авалтаа зарлахаас ердөө хэдхэн долоо хоногийн өмнө, энэ оны гуравдугаар сард Жанни Версаче агсны төрсөн дүү, Versace брэндийн нүүр царай, бараг 30 жилийн турш ерөнхий дизайнераар ажилласан Донателла Версаче албан тушаалаасаа гарах шийдвэрээ олон нийтэд мэдэгдсэн.Түүний оронд Miu Miu брэндийн загвар хариуцсан захирал асан Дарио Витале Versace-ийн креатив чиглэлийг удирдах болж, дизайнерын шинэ эрин эхэлж байна. Prada группийн удирдлагын дор Виталегийн гар дор Versace ямар дүр төрхтэй болж өөрчлөгдөх вэ гэсэн асуулт тансаг загварын ертөнцөд хамгийн их хүлээлт дагуулж буй сэдвүүдийн нэг болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх