Сөүл, Бээжин худалдааны хэлэлцээрээ “дахин хөдөлгөж” эхлэв
Хятад, Өмнөд Солонгос хоёр эдийн засгийн харилцаагаа сэргээх зорилгоор удаан хугацаанд гацсан худалдааны хэлэлцээрээ дахин урагшлуулах алхам хийж эхэлжээ. Энэ хүрээнд Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жун Кван болон Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао нар энэ сарын 12-нд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь үе шатыг түргэвчлэх тохиролцоонд хүрсэн байна. Түүнчлэн Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн аравдугаар сард 11 жилийн дараах анхны айлчлалаа Өмнөд Солонгост хийсэн нь харилцаа хөдөлж буй дохио гэж үзэх өнцөг бий.
Солонгосын олон улсын санхүүгийн төвийн ерөнхий захирал Ли Чи Хун “Ли Жэ Мёны засаг захиргаа прагматик дипломат бодлого баримталж байна. Энэ нь харилцааг сайжруулах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гол цэг мөн” гэжээ.
2015 оны гэрээ яагаад гацаанд орж, THAAD-аар яагаад хурцдав
Талууд 2015 оны арванхоёрдугаар сард анхны Чөлөөт худалдааны хэлэлцээрээ байгуулсан ч зах зээлийн либералчлал, эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил зэрэг шалтгаанаар хэлэлцээр удаашран, улмаар зогсонги байдалд орсон гэж тайлбарлаж байна. Харин 2017 онд Өмнөд Солонгос АНУ-ын “THAAD” системийг байршуулснаар Сөүл, Бээжингийн харилцаа илүү хурцадсан гэх үнэлгээ гардаг.
Хэлэлцээр шинэчлэгдэхэд Хятадын ашиг ба Тайванийн сэдэв
Чөлөөт худалдааны хэлэлцээр шинэ шатанд орж, шинэчлэгдэн урагшлах нь Хятадын хувьд давхар ач холбогдолтой гэж ажиглагчид тайлбарлажээ. Нэг талаар нийлүүлэлтийн сүлжээний экосистемдээ Өмнөд Солонгосыг илүү нягт уялдуулах боломж нэмэгдэнэ. Нөгөө талаар Хятад өөрийгөө чөлөөт худалдааг дэмжигч улс гэсэн имижээ бататгах суурь болгох хувилбар бий гэж харж байна.
Мөн шинжээчдийн үзэж буйгаар Өмнөд Солонгос Тайванийн асуудал дээр Хятадтай ижил байр суурь баримталбал Бээжингийн өнгө аяс улам зөөлөрч болзошгүй. Өмнөд Солонгос энэ сарын эхээр Тайванийг “electronic arrival card” дээр “Хятад (Тайвань)” гэж тэмдэглэх шийдвэрээ баталгаажуулсан нь Тайванийн эсэргүүцлийг төрүүлсэн тухай дурджээ.
Японтой маргаан үргэлжилж, соёлын “шагнал-шийтгэл” яригдав
Энэхүү алхам нь Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн мэдэгдлээс өөр чиглэлтэй харагдаж байгаа бөгөөд түүний мэдэгдлээс хойш Хятад, Японы дипломат маргаан үргэлжилсээр байна.
Нью-Йоркт төвтэй “Park Strategies” зөвлөх компанийн ахлах дэд ерөнхийлөгч Шон Кинг хэлэхдээ “Хятад улс Японд хариу арга хэмжээ авах бол Өмнөд Солонгосыг шагнахаар эрмэлзэж магадгүй. Хятадын сонсогчдод ‘BLACKPINK’ нээлттэй, Аюүми Хамасаки хаалттай байж магадгүй гэсэн үг” гэжээ.
Эргэн сануулахад, Хятад, Японы хурцадмал харилцааны нөлөөгөөр поп дуучин Аюүми Хамасакигийн Шанхайд хийх тоглолт цуцлагдсан. Тэрээр тасалбар авсан олон мянган шүтэн бишрэгчдээ хүндэтгэн, хоосон танхимд тоглолтоо хийсэн талаар бид мэдээлж байсан билээ.