IFPI-ийн дэлхийн чартын оройд гарсан “APT.”
Розе (BLACKPINK) болон Бруно Марсын хамтарсан “APT.” сингл 2025 онд дэлхий даяар хамгийн их борлуулалттай синглээр шалгарч, хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээлээ.
Саяхан Олон улсын фонограмын үйлдвэрлэгчдийн холбоо (IFPI) 2025 оны дэлхийн хамгийн их борлуулалттай 20 синглийн жагсаалтыг зарлахдаа “APT.”-ийг 1-р байранд бичив. Уг жагсаалтыг төлбөртэй стриминг үйлчилгээ, зар сурталчилгаатай платформууд, мөн нэг дуу таталтын жилийн нийлбэр үзүүлэлтэд үндэслэн гаргадаг.
IFPI-ийн мэдээлснээр “APT.” сингл 2025 оны чартын түүхэнд өрсөлдөөн хамгийн ширүүн байсан жилүүдийн нэгийг дүгнэсэн бөгөөд хэд хэдэн талаараа түүхэн амжилт тогтоожээ.
Англи бус үгтэй, К-попын анхны дэлхийн №1
Нэгдүгээрт, “APT.” нь IFPI-ийн жилийн дэлхийн сингл чартын оргилд хүрсэн анхны англи бус үгтэй дуу болсон. Хоёрдугаарт, Хойд Америк, Европоос гадуурх уран бүтээлчид анх удаа уг жагсаалтыг тэргүүлсэн нь энэ юм.
Розегийн хувьд энэ нь IFPI-ийн жилийн дэлхийн хамгийн их борлуулалттай синглийн жагсаалтад дуугаараа тэргүүлсэн түүхэн дэх анхны К-поп уран бүтээлч болсныг илтгэнэ. Өмнөх дээд амжилт нь 2012 онд PSY-ийн “Gangnam Style” синглд ногдож байсан бөгөөд тухайн үед 3-р байрт орж байв. Мөн BTS 2021 онд “Butter” синглээрээ 4-р байрт бичигдэж байсан.
Дэлхийн хэмжээний стратеги, урт настай хит
IFPI “APT.”-ийн амжилтыг олон бүс нутагт зэрэг хэрэгжүүлсэн дэлхийн хэмжээний стратегитай холбон тайлбарлажээ. Радио, стриминг платформ, маркетингийн кампанит ажлыг синхрончлон хэрэгжүүлснээр дуу гарснаас хойш удаан хугацаанд өндөр эрэлттэй, тогтвортой байр суурь хадгалах боломж бүрдсэн гэж онцолсон.
“APT.” нь Billboard Hot 100 чартад нийт 45 долоо хоног бичигдэж, хамгийн өндөрдөө 3-р байрт хүрсэн. Энэ нь Бруно Марсын хувьд 2011 оны “Just the Way You Are” дуунаас хойш IFPI-ийн дэлхийн синглүүдийн жагсаалтыг дахин тэргүүлсэн анхны сингл нь болсон байна.
Тоон үзүүлэлт ба өрсөлдөгч хитүүд
Тоо баримтын хувьд 2025 онд “APT.” нийт 2.06 тэрбум нэгжийн борлуулалтад хүрсэн бөгөөд үүгээрээ “KPop Demon Hunters” киноны саундтрек “Golden” (2.0 тэрбум нэгж)-ыг 2-р байранд, Алекс Уоррены “Ordinary” (1.9 тэрбум нэгж)-г 3-р байранд, Лэди Гага, Бруно Марсын “Die With A Smile” (1.86 тэрбум нэгж)-г 4-р байранд, Бенсон Буны “Beautiful Things” (1.35 тэрбум нэгж)-г 5-р байранд тус тус бичигджээ.
IFPI-ийн гүйцэтгэх захирал Виктория Окли “Розе, Бруно Марс нар ‘APT’ дуугаараа IFPI-ийн дэлхийн сингл чартыг тэргүүлж байна. Энэ бол үнэхээр чухал үйл явдал. Энэ жилийн үр дүн нь хэл, хил хязгаараас үл хамааран дуунууд дэлхийн сонсогчидтой холбогдож чаддаг өнөөгийн хөгжмийн зах зээлийн жинхэнэ глобал шинжийг харуулж байна” хэмээн мэдэгджээ.