Өмнөд Солонгосын алдарт охидын “BLACKPINK” хамтлагийн гишүүн, дуучин Rosé АНУ-ын хөгжмийн нэр хүндтэй “Billboard”-ийн чартад шинэ амжилтын эзэн боллоо. Түүний дуучин Бруно Марстай хамтран дуулсан “APT.” уран бүтээл нь “Radio Songs” буюу хуучнаар “Hot 100 Airplay” жагсаалтын 18 дугаар байрт бичигдэж, 25 долоо хоног дараалан уг жагсаалтад байраа хадгалсан анхны к-поп уран бүтээлч болсон байна.
“Radio Songs” бол Америкийн бүхий л төрлийн радиогоор хамгийн их тоглогдсон дуунуудыг долоо хоног бүр эрэмбэлдэг жагсаалт бөгөөд ард түмний сонсох дуртай, радиогийн эрэлттэй бүтээлүүдийг тодорхойлдог чухал үзүүлэлт юм. Rosé-ийн “APT.” дуу энэхүү жагсаалтад бараг хагас жилийн турш тогтвортой байр суурь эзэлснээрээ к-поп уран бүтээлчдийн дундаас анхны том амжилтыг гаргалаа.
Өмнө нь энэ төрлийн амжилтыг гаргасан хамгийн урт хугацаанд жагсаалтад бичигдсэн к-поп уран бүтээл нь BTS хамтлагийн “Dynamite” дуу байв. Тус дуу 2020 онд уг жагсаалтад 19 долоо хоног дараалан бичигдсэнээрээ тэргүүлж байсан ч Rosé-ийн амжилтаар шинэ түүх бичигдлээ.
Мөн “APT.” дуу нь “Billboard Hot 100” чартад 29 дэх долоо хоногтоо бичигдэж, эмэгтэй к-поп уран бүтээлчдийн дундах хамгийн удаан байр сууриа хадгалсан дуу болсон байна. 2025 оны тавдугаар сарын 15-ны байдлаар тус дуу “Hot 100”-д 20 дугаар байрт бичигдэж байгаа нь дууны радиогийн тоглолт, стриминг, борлуулалтын нэгдсэн дүнгээр хэмжигддэг энэхүү жагсаалтад өндөр амжилт үзүүлж буйг баталж байна.
Rosé-ийн энэхүү амжилт нь к-поп уран бүтээлчдийн Америк болон дэлхийн хөгжмийн зах зээлд үзүүлж буй нөлөө, өрсөлдөх чадвар хэр өндөр түвшинд хүрснийг дахин нотолж өгч байна. Түүний дуу зөвхөн фенүүдийн дэмжлэгээр бус, өргөн олон нийт, хөгжмийн салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээг давхар хүлээн авсан нь “APT.”-ийг түүхэн амжилтын эзэн болголоо.
1 comment
K-pop дэлхийд улам л нөлөөтэй болж байна даа