Монголын эстрад урлагийн түүхийг түүчээлж ирсэн Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа уран бүтээлийн 40 Монголын эстрад урлагийн түүхийг түүчээлж ирсэн Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа уран бүтээлийн 40 жилийн ойгоо угтан “Хайрын бурхан” нэртэй томоохон хэмжээний тоглолтоо ирэх зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулахаар бэлтгэлээ хангаж байна. Энэхүү түүхэн тоглолтын өмнө тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн урлагийн замнал, мартагдашгүй дурсамжууд болон шинэ бүтээлүүдийнхээ талаар дэлгэрэнгүй хуваалцсан юм. Дуучин бүсгүй анх 19 насандаа Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Ц.Чинзоригийн аялгуу “Зүүдний говь” дууг амилуулж, анхны нөхөр Н.Ганхуягтай хамтран “Чиний үгүйд” дуугаа гаргаж байсан түүхтэй. Улмаар Г.Пүрэвдорж, Н.Ганхуяг нартай хамтарсан “Зүүдний говь” анхны цомгийн дуунуудаараа 1993 оны “Азийн дуу хоолой” наадмаас Гран При хүртэж байжээ. Сонирхолтой нь, уг наадам 2025 онд Казахстанд “Silk Way Star” нэрээр сэргэхэд залуу дуучин Ж.Мишээл 32 жилийн дараа ялалт байгуулсан бол Б.Сарантуяагийн анхны бие даасан тоглолт 1994 оны зургаадугаар сард Улсын циркэд тавигдаж байв.
Энэ удаагийн тоглолтыг анх “Амьдрал намайг дуунд уяраажээ” гэж нэрлэхээр төлөвлөж байсан ч уртадсан тул зохион байгуулалтын багаараа ярилцаад “Хайрын бурхан” хэмээх сонгодог хит дуугаар нь нэрлэхээр тогтсон байна. Тус бүтээл 1996 онд Ү.Хүрэлбаатарын шүлгээр төрж, Д.Өлзий-Орших (Өөжгий) аяыг нь гитар дээр зохион, Сингапурт Араб гитарчин Айша, бөмбөрчин Жэмили нартай хамтран бичүүлж байжээ. Мөн түүниЙ урын санд тод байр суурь эзэлдэг “Учралын блюз” дуу 1999 онд Шагдарын Дулмаагийн шүлэг, Б.Долгионы аялгуугаар бүтэж, хожим 2000 онд “Хайрын зөрлөг” цомогт “Шүүдрийн ганцхан дусал” дууны хамт багтсан байдаг. Үзэгчдийн хайр хүндлэлээс гадна түүний өөртөө үнэнч зан чанар нь 40 жилийн турш урагшлах хүч болсон бөгөөд тэрээр дуулахаас гадна юм бичих, редакторлах, хэл сурах, хоол хийх, зураг зурах авьяастай хэмээн өөрийгөө тодорхойлсон юм.
Удахгүй болох нүсэр тоглолтын тайзнаа түүнтэй хамт олон арван шилдэг уран бүтээлчид нэгдэхээр бэлтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд үзэгчдэд барих гэнэтийн бэлэг олон байгаа бөгөөд дараах онцлох уран бүтээл, сюрпризүүд багтжээ:
- Төрийн соёрхолт “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Айзам” хамтлагууд болон С.Сэрчмаа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй 10 гаруй хамтран дуучид оролцоно.
- Ая зохиогч АМ-С болон TripleХ-н продюсер М.Даваасүрэн (Халзаа)-гийн удирдамж дор залууст зориулсан шинэ “Сар нар” дуу дуулагдана.
- Нийгмийн хүчирхийллийн эсрэг дуучин Ж.Мишээлтэй хамтарсан “Хэлэхээс бүү ай” болон “Vandebo” хамтлагийн Vande, Хасар нартай дуулсан бүтээлүүдээ эгшиглүүлнэ.
- Д.Лувсаншарав гуайн 100 жилийн ой, “Маамуу нааш ир” дууны 70 жилийн ойд зориулж бяцхан дуучид болох Хүслэн, Хүчүбилэг нартай хамтран шинэчлэн дуулна.
Тэрээр өөрийн амьдралын холбоотой эрхэм хүмүүс болох хүү Эрхэмбилэг, охин Саранчимэг, Хулан болон эгч Б.Сарангуа, авга эгч нартаа үргэлж талархаж явдгаа илэрхийлэв. Мөн уран бүтээлийн анд нөхөд болох Б.Магсаржав, Б.Ганчимэг, Б.Ангирмаа, Л.Балхжав, Ш.Гүрбазар агсан, Ү.Хүрэлбаатар, Б.Дашдондог, Б.Отгонбаяр болон ерөнхий ивээн тэтгэгч MCS группийн Ж.Оджаргал нарт сэтгэлийн гүнээс талархал дайлаа. Дуучин бүсгүй “Тоглолт маань сонирхолтой үзүүлбэр, гайхалтай дуунуудаар дүүрэн байгаа” хэмээн онцлоод, цэнхэр тэнгэр, ногоон дэвжээн дунд эерэг энерги түгээх “Хайрын бурхан” 40 жилийн ойн тоглолтод шүтэн бишрэгчдээ нэгдэхийг урьсан юм.