“The Bell Jar” романы шинэ кино хувилбарт гол дүрд тоглохоор яригдаж байна
Грэмми болон Оскарын шагналт дуучин Билли Айлиш анх удаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээхээр хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл гарчээ. Тэрээр нэрт зохиолч Сильвия Платын алдарт “The Bell Jar” романы шинэ кино хувилбарт тоглохоор төлөвлөгдөж байгаа аж.
Уг киног Оскарын шагналт найруулагч Сара Полли бичиж, найруулах юм. Тэрээр 2022 онд гарсан “Women Talking” киноны зохиолоор “Оскар”-ын “Шилдэг сэдэвлэн бүтээл” шагналыг хүртэж байсан билээ.
Сильвия Платын алдарт роман
“The Bell Jar” нь Сильвия Платын цорын ганц роман бөгөөд анх 1963 онд хэвлэгдсэн. Хагас намтарчилсан уг бүтээлд авьяаслаг оюутан Эстер Гринвүүд Нью-Йорк хотын нэгэн сэтгүүлд дадлага хийх үеэрээ амьдралын дарамт, дотоод зөрчил, сэтгэцийн хямралтай хэрхэн нүүр тулж байгааг өгүүлдэг.
Романы гол дүрийн сэтгэлзүйн доройтол нь зохиолчийн өөрийн амьдралд тохиолдсон сэтгэл гутралтай нягт холбоотой гэж утга зохиолын судлаачид үздэг. Плат роман хэвлэгдсэнээс ердөө нэг сарын дараа амиа хорлосон нь уг бүтээлийг илүү эмгэнэлтэй, гүн утгатай болгосон гэж олон хүн тайлбарладаг.
Билли Айлишийн хувьд шинэ алхам
Билли Айлиш өмнө нь баримтат болон тоглолтын кинонуудад оролцож байсан ч бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээж байгаагүй.
Тэрээр мөн “Swarm” цувралд богино дүр бүтээж, уг бүтээлээрээ People’s Choice Awards-ийн шагнал хүртэж байсан юм.
Шинэ баримтат кино ч удахгүй гарна
Мөн дуучны тоглолтын шинэ баримтат кино болох “Billie Eilish: Hit Me Hard and Soft – The Tour” удахгүй нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна. Энэхүү төслийг алдарт найруулагч Жэймс Камерон найруулж байгаа нь кино сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Өмнө нь кино болгох оролдлого бүтэлгүйтэж байжээ
“The Bell Jar” романыг өмнө нь кино болгох оролдлого гарч байсан. Жүжигчин Кирстен Данст уг төслийг найруулж, гол дүрд нь Дакота Фэннинг тоглох төлөвлөгөөтэй байсан ч тухайн төсөл хэрэгжээгүй юм.
Харин энэ удаагийн төсөл нь Оскарын шагналт найруулагч болон дэлхийд алдартай залуу уран бүтээлчийг нэгтгэж байгаагаараа кино урлагийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байна.