Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБлейк Лайвли шүүхэд ялагдсаны дараа: “Хүмүүст хор хүргэдэг хүмүүсийг илчлэх ажлаараа би бахархдаг”

Блейк Лайвли шүүхэд ялагдсаны дараа: “Хүмүүст хор хүргэдэг хүмүүсийг илчлэх ажлаараа би бахархдаг”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин шүүхийн шийдвэрийн дараа байр сууриа илэрхийллээ

“Бидний бүх зүйл дуусна” киноны найруулагч Жастин Бальдонигийн эсрэг бэлгийн дарамтын хэрэг үүсгэн шүүхэд хандсан ч гол шаардлагуудынхаа ихэнх дээр ялагдал хүлээсэн Блейк Лайвли шүүгчийн шийдвэрт анхны тайлбараа өглөө. Жүжигчин бүсгүй олон нийтийн сүлжээндээ хэд хэдэн нийтлэл оруулж, энэ бүх үйл явцыг “итгэмээргүй их өвдөлттэй” байсан гэж тодорхойлжээ.

38 настай Блейк Лайвли юуны өмнө шүүхэд талархал илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, гарсан шийдвэр нь одоо хэрэгтэй холбоотой үндсэн асуудлыг тангарагтны бүрэлдэхүүнд танилцуулж, “шүүхийн явцад өөрийн түүхийг бүрэн ярих” боломж олгож байгаа аж. Тэрээр цаашид ч өөрийн зөвийг шүүхэд хамгаална гэдгээ мэдэгдээд, үүнийг зөвхөн өөрийнхөө төлөө бус, ижил боломжгүй хүмүүсийн төлөө хийж байгаа гэж онцолжээ.

Сүүлийн шүүх хуралдаанаар Блейк Лайвлигийн Жастин Бальдонид холбогдуулан гаргасан 13 шаардлагаас 10-ыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэгсэхгүй болсон хэсэгт бэлгийн дарамт, гүтгэлэг, хуйвалдаан зэрэг үндэслэлүүд багтжээ. Харин гэрээ зөрчсөн, мөрдөн мөшгөсөн, мөрдөн мөшгөхөд дэмжлэг үзүүлсэн гэх шаардлагуудыг шүүх цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхээр үлдээсэн байна.

“Амьдралдаа хамгийн сүүлд хүссэн зүйл бол шүүх байсан” гэжээ

Блейк Лайвли мэдэгдэлдээ энэ хэрэг нь түүний хүссэн зам байгаагүй гэдгийг онцолсон байна. “Амьдралдаа хамгийн сүүлд хүссэн зүйл бол шүүхийн процесс байсан. Гэхдээ хувийн болон мэргэжлийн орчинд өөртөө болон бусдад аюулгүй ажлын нөхцөл шаардаж байсны төлөө би байнгын мөрдөн мөшгөлтөд өртөж байсан, одоо ч өртсөөр байгаа учраас энэ нэхэмжлэлийг гаргасан” гэж тэр бичжээ.

Мөн шүүхийн маргааны турш өөр рүү нь чиглэсэн хүчтэй дайралт, доромжлолыг тэр “цахим хүчирхийлэл” хэмээн нэрлэсэн байна. “Цахим хүчирхийллээс үүсэх биеийн өвдөлт үнэхээр бодит байдаг. Энэ бол хүчирхийлэл. Бас энэ нь хаа сайгүй бий. Зөвхөн мэдээнд ч биш, таны амьдарч буй орчин, таны хамт олон, сургуулиудад хүртэл байдаг” гэж Лайвли мэдэгджээ.

Энэ шүүхийн маргааны турш олон нийтийн сүлжээ дэх хэрэглэгчид төдийгүй зарим алдартнууд хүртэл Жастин Бальдонигийн талд илүүтэй зогссон. Блейк Лайвли өнгөрсөн оны эхээр зураг авалтын талбай дээрх зүй бус авирын талаар гомдол гаргасны дараа Бальдони өөрийгөө өмгөөлсөн баримтуудыг дэлгэсэн бөгөөд үүний дараа цахим орчинд олон хүн Лайвлиг өөрөө түүнтэй сээтэгнэсэн байж магадгүй, харин энэ хэрэг түүний нэр хүндэд хамгийн хүчтэй цохилт болсон гэж дүгнэж эхэлсэн юм.

Тэр өөрийгөө дуугүй өнгөрөөгүйдээ бахархаж байгаагаа хэлэв

Шүүмжлэл, дарамтын энэ бүх давалгааны хариуд Блейк Лайвли өөрийн байр сууриа эрс хамгаалсан хэвээр байна. Тэрээр дуугүй өнгөрөөгүйдээ бахархаж байгаагаа илэрхийлээд, “хүмүүст хор хүргэх, гутаан доромжлох, дуугүй болгох, өшөө авахыг оролддог системүүд болон хүмүүсийг илчлэхийн төлөөх тэмцэлд” цаашид ч хувь нэмрээ оруулсаар байна гэж бичжээ.

Мөн энэ замд өөрөөс нь өмнө тэмцэж ирсэн олон хүмүүст талархал илэрхийлсэн байна. “Надаас өмнө алхсан, одоо ч бидэнтэй мөр зэрэгцэн байгаа тоо томшгүй олон хүн байгаагүй бол би тэмцэж эхэлж ч чадахгүй байсан. Тэд хууль бий болгож, нийгмийн өөрчлөлтөд хүрч, хэлэлцүүлэг эхлүүлж, жагсаал зохион байгуулж, төрийн болон хувийн салбарт ажиллаж, бусдын аюулгүй байдлын төлөө эрсдэл хүлээж, зарим нь бүр бүхнээ алдсан. Бүгдэд нь баярлалаа” гэж Лайвли мэдэгдлээ.

Энэ дуулиант хэрэг 2024 оны сүүлээр эхэлсэн. Тэр үед Блейк Лайвли хамтран тоглосон жүжигчин, киноны найруулагч Жастин Бальдониг өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан юм. Түүний мэдүүлснээр, Бальдони зураг авалтын үеэр түүнийг хувцасгүй байх үед нүүр хувиргалтын өрөөнд нь орж ирдэг, нүцгэн эхнэрийнхээ зургийг үзүүлдэг, мөн зохиолд байгаагүй илүү дотно хэсгүүдийг байнга нэмдэг байсан аж.

Үүний хариуд Бальдони Блейк Лайвли болон түүний нөхөр Райан Рейнольдсыг гүтгэлэг хийсэн гэж буруутган 400 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан ч шүүх тэр нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгосон байна. Тэрээр Лайвлиг нөхөр болон дотны найз Тейлор Свифтийнхээ нөлөөг ашиглан зураг авалтын явцад зохиол байнга өөрчилж, өөрт нь дарамт үзүүлсэн гэж мэдэгдэж байв. Мөн Бальдони өөрийнх нь тухай хамгийн түрүүнд бичсэн The New York Times сонины эсрэг 250 сая ам.долларын өөр нэг нэхэмжлэл гаргаж байсан юм.

Блейк Лайвли өдгөө жүжигчин Райан Рейнольдстой гэр бүр бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх