Блэйк Лайвли Жастин Бальдонигийн эсрэг шүүхийн маргаанаа үргэлжлүүлэхээр шийджээ. Шүүх түүний нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосны дараа жүжигчин Бальдонигийн баг цахим орчинд өөрийг нь “муу охин” мэтээр харагдуулж, нэр хүндэд нь хохирол учруулсан гэж үзэн 40 сая ам.долларын нэмэлт нэхэмжлэл гаргасан байна.
TMZ-ийн мэдээлснээр, Лайвлигийн баг “It Ends With Us” киноны найруулагч бөгөөд гол дүрийн жүжигчин Жастин Бальдонид тавих эцсийн шаардлагуудаа боловсруулжээ. Өмнө нь Блэйк Лайвли өнгөрсөн болон ирээдүйн орлогын алдагдал нэрээр нийт 161 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан нь ил болсон. Үүнд түүний үс арчилгааны бүтээгдэхүүний Blakebrownbeauty компанийн 49 сая ам.долларын алдагдал, мөн Betty Buzz ундааны компанид холбогдох 22 сая ам.долларын шаардлага багтаж байгаа юм.
“Муу охин” гэсэн нэршлээс болж 40 сая долларын хохирол амссан гэж үзэж байна
Одоо эдгээр шаардлагад дахин нэг том дүн нэмэгдсэн байна. Лайвлигийн багийн тооцоолсноор, Бальдонигийн эсрэг шүүхийн ажиллагаа эхэлснээс хойш цахим орчинд түүнийг 176 саяас олон удаа “муу охин”, “дээрэлхүү”, “сэтгэлгүй” гэх мэтээр нэрлэсэн аж.
Жүжигчний тал үүнийг Бальдонигийн багийн явуулсан нэр хүнд унагах кампанит ажлын үр дагавар гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас Блэйк Лайвли 40 сая гаруй ам.долларын бодит хохирол амссан гэж мэдэгдэж байна. Иймээс тэр энэ дүнг өмнө нь тавьсан шаардлагууд дээрээ нэмж, Бальдонигоос гаргуулахаар болжээ.
Шүүхийн маргаан хурцдаж, хоёр талын зөрчил үргэлжилсээр байна
Ингэж нэхэмжлэлийн хэмжээгээ тэлсэн нь Блэйк Лайвли өөрт нь хүчинтэй үлдсэн заалтуудаас хамгийн их боломжит нөхөн төлбөр авахыг оролдож байгааг харуулж байна. Учир нь 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр шүүх түүний зураг авалтын талбай дээр дарамт, зохисгүй харьцаатай холбоотой гол буруутгалуудын ихэнхийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин Жастин Бальдонигийн өмгөөлөгчид Лайвлигийн шинэ шаардлагуудыг “инээдтэй” хэмээн нэрлэсэн байна.
Сануулахад, Лайвли 2024 оны сүүлээр Жастин Бальдонигийн эсрэг шүүхэд хандсан. Энэ нь тэд “It Ends With Us” кинонд хайртай хосын дүр бүтээсний дараахан болсон юм. Тухайн үед жүжигчин Бальдониг зураг авалтын үеэр өөртэй нь зохисгүй харьцсан гэж буруутгаж, зохиолд зааснаас удаан тэвэрсэн, орны хэсгийн бэлтгэлийн үеэр тохиромжгүй хүрэлцээ гаргаж, “бэлгийн дарамттай уур амьсгал” үүсгэсэн гэж мэдэгдэж байлаа.
Үүний хариуд Бальдони Блэйк Лайвли болон түүний нөхөр Райан Рейнольдс нарыг өөрийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, гүтгэсэн хэмээн буруутгаж шүүхэд өгсөн. Гэвч түүний 400 сая ам.долларын нэхэмжлэлийг 2025 оны зургаадугаар сард шүүх хэрэгсэхгүй болгосон байна.
Талууд тавдугаар сарын 18-нд дахин шүүх дээр уулзахаар болсон бөгөөд энэ үеэр Лайвлигийн нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэлэлцэх аж. Одоогийн байдлаар түүний нэхэмжлэлээс гэрээ зөрчсөн, өшөө авсан, мөн өшөө авахад тусалсан гэх нийт гурван заалт хүчинтэй үлдээд байна.