“Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” (The Vampire Diaries) цувралын Елена Гилберт, Стефан Сальваторе нарын дүрээр алдаршсан Нина Добрев, Пол Уэсли нар дахин хамтран ажиллахаар болжээ. Жүжигчид Hulu стриминг үйлчилгээний шинээр бүтээж буй “Чи мэдэх эрхтэй” (You Deserve to Know) хэмээх шинэ цувралын гол дүрүүдэд сонгогдсон байна. Энэ талаар Deadline хэвлэл мэдээллээ.
Цувралын үйл явдал болон уран бүтээлчид
Шинэхэн цувралыг зохиолч Эгги Блум Томпсоны 2025 онд хэвлэгдсэн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээх юм. Цувралын зохиолыг “Grand Hotel” цувралаараа танигдсан Брайан Танен бичих аж.
Үйл явдал хотын захын хороололд амьдардаг, хөрш төдийгүй дотны найзууд болох гурван гэр бүлийн хосуудын эргэн тойронд өрнөнө. Нөхрүүдийн нэг нь бусдын гарт амиа алдсаны дараа нуугдаж байсан нууцууд ил болж, баатруудын хоорондын нөхөрлөл аажмаар нуран унах болно.
Дүрүүд болон продюсерын ажил
Нина Добрев Гвен-ий дүрийг, харин Пол Уэсли Скотт-ын дүрийг бүтээнэ. Тэдний дүрүүд хүн амины хэргийн мөрдөн байцаалтын явцад эсрэг тэсрэг талд зогсох бөгөөд энэ нь эцэстээ тэдний хооронд зөрчилдөөн үүсгэхэд хүргэх ажээ.

Гол дүрд тоглохоос гадна Нина Добрев, Пол Уэсли нар уг цувралын гүйцэтгэх продюсероор давхар ажиллаж байна.
“Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” ба хайрын гурвалжин
Нина Добрев, Пол Уэсли нар алдарт “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” цувралын эхний 6 улиралд хамтран тоглосон билээ. Тэд цувралын эхэнд хайр сэтгэлийн холбоотой байсан Елена Гилберт, Стефан Сальваторе нарын дүрийг бүтээсэн.
Харин үйл явдлын өрнөл дунд Елена Стефаны ах болох Йен Сомерхолдерын бүтээсэн Дэймон Сальваторед сэтгэл алдардаг. Энэхүү хайрын гурвалжин нь 2010-аад оны өсвөр үе, залуучуудын цувралууд дундах хамгийн алдартай түүхүүдийн нэг болсон юм.
Пол Уэсли уг цувралын 8-р улирал буюу төгсгөл хүртэл тоглосон бол Нина Добрев зөвхөн сүүлийн ангид л эргэн ирж байв.