NTV болон Nomadia Pictures дэлхийн форматыг Монголд нутагшуулахаар боллоо
Дэлхийн энтертайнмент контентын томоохон үйлдвэрлэгч “NBCUniversal”-ын албан ёсны формат болох “Top Chef” реалити, хоолны шоу Монгол Улсад албан ёсоор бүтээгдэхээр боллоо. Энэхүү төслийг NTV телевиз болон “Nomadia Pictures” хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Холливудын стандартад нийцсэн түвшинд, мэргэжлийн зураг авалтын баг, шилдэг уран бүтээлчдийн оролцоотойгоор хийхээр төлөвлөжээ.
Төслийн зорилго нь зөвхөн нэгэн шинэ шоу нэвтрүүлэг гаргахад бус, Монголын медиа салбарт шинэ түвшин, шинэ жишиг тогтоох явдал гэж онцолж байна.
Мэргэжлийн тогооч нар 100 сая төгрөгийн шагналын төлөө өрсөлдөнө
“Top Chef Mongolia” нь энгийн нэг хоолны нэвтрүүлэг биш юм. Энэ бол мэргэжлийн тогооч нарын ур чадвар, хурд, тэсвэр тэвчээр, сэтгэл зүйг зэрэг сорих өндөр өрсөлдөөнтэй томоохон реалити шоу байх болно. Оролцогчид 100 сая төгрөгийн шагналын сангийн төлөө гал тогооны ширүүн тулаанд хүч сорих юм.
Үзэгчид энэхүү шоугаар дамжуулан мэргэжлийн гал тогооны халуун уур амьсгал, оролцогч бүрийн өвөрмөц зан чанар, өрсөлдөөний шийдвэрлэх мөчүүдийг харахаас гадна тэдний амьдрал, карьерын түүх, төрөл бүрийн даалгавар, сорилтоос төрөх шинэ жор, амтат хоолны бүтээлүүдийг өндөр чанартай дүрс, дуу авиатайгаар үзэх боломжтой болно.
Шоу зөвхөн хоолоор хязгаарлагдахгүй, нийгмийн чухал сэдвүүдийг ч хөндөнө
“Top Chef Mongolia” нь зөвхөн хоолны ур чадварыг харуулах контент биш гэдгээрээ онцлог юм. Төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй хэрэглээ, хүнсний хог хаягдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндөн, шийдэл эрэлхийлэх зорилго давхар агуулж байна.
Төслийн багийн зүгээс энэ контентоор дамжуулан нийгэмд тулгамдаж буй зарим асуудлыг хөндөж, бодит өөрчлөлт хийхийг зорьж буйгаа илэрхийлжээ.
Бүртгэл эхэлж, тогооч болон хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна
“Top Chef Mongolia” төслийн баг одоо оролцох хүсэлтэй тогооч нар болон хамтран ажиллах сонирхолтой брэнд, байгууллагуудыг урьж байна.
Тогоочоор оролцох хүсэлтэй хүмүүс өөрийн ур чадвараа дэлхийн хэмжээний тайзанд сорьж, шилдгийн шилдэг гэдгээ батлах боломжтой гэж зохион байгуулагчид онцолжээ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах сувгаар авах боломжтой байна.
И-мэйл: oyundarik@gmail.com
Утас: 88004429
Харин брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхийд алдартай форматаар дамжуулан олон нийтэд таниулахыг хүссэн байгууллагууд дараах хаягаар холбогдох боломжтой юм.
И-мэйл: khuslen.b@unitel.mn
Утас: 86115244
Ийнхүү дэлхий даяар танигдсан “Top Chef” формат Монголд албан ёсоор хэрэгжихээр болж, үндэсний телевиз, контентын зах зээлд томоохон шинэ төсөл нэмэгдэх нь тодорхой боллоо.