Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн малчдын чуулган”-ыг энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж байна.
Тус чуулганд дэлхийн 102 улсаас 200 шахам малчин, албаны төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.
Хээрийн аялал ба бүсчилсэн хэлэлцүүлэг
Энэ сарын 10–13-ны өдрүүдэд дэлхийн өөр өөр бүс нутгаас ирсэн 123 малчин, төлөөлөгчид Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг зорин ажиллаж байна. Тэд Монголын малчидтай газар дээр нь уулзаж:
- Бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал
- Малчдын ахуй амьдрал, өв соёлтой танилцах
- Уур амьсгалын өөрчлөлт ба бэлчээрийн доройтол
- Малчдын амьжиргаа, зах зээлийн хүртээмж
- Залуу үе болон эмэгтэй малчдын оролцоо, эрхийн асуудлаар мэдлэг, туршлагаа харилцан солилцож байна.
Нэгдсэн хуралдаан ба COP17-д хүргэх шийдвэр
Бүсчилсэн болон сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн наймдугаар сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батална.
Энэхүү нэгдсэн хуралдаанаас гарах баримт бичиг болон малчдын дуу хоолой, санал санаачилгыг Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон улсын хэлэлцүүлэгт хүргэхээр төлөвлөж байна.