Жийнсэн загварын ертөнцөд шинэ эрин авчирсан дизайнер 82 насандаа өөд болжээ
Diesel брэндийг үүсгэн байгуулагч, “денимийн загалмайлсан эцэг” хэмээн алдаршсан Италийн дизайнер Адриано Голдшмидт 82 насандаа таалал төгслөө. WWD-ийн мэдээлснээр тэрээр хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст дөрөвдүгээр сарын 5-нд хорвоог орхисон байна.
Адриано Голдшмидт 1944 онд Италийн зүүн хойд хэсэгт орших Триест хотод төржээ. Тэр анх мэргэжлийн цаначин болох мөрөөдөлтэй байсан ч 1974 онд загварын салбарт хөл тавьж, Daily Blue нэртэй жийнсэн хувцасны брэндийг байгуулснаар өөрийн замналыг эхлүүлсэн түүхтэй.
Үүнээс хэдхэн жилийн дараа тэр Италийн бизнес эрхлэгч Ренцо Россотой хамтран Diesel компанийг байгуулжээ. Хожим энэ брэнд денимийн зах зээлийн хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болсон юм. 1980-аад онд Голдшмидт Diesel болон Replay-ийг нэгтгэсэн Genious Group холбоог байгуулсан байна. Дараа нь тэр Goldsign болон Gap 1969 премиум шугам зэрэг олон нэр хүндтэй төслийг эхлүүлэх, хөгжүүлэх ажилд оролцжээ.
Премиум жийнсний ойлголтыг өөрчилсөн нэр хүндтэй эрхэм байв
1993 онд дизайнер Agolde компанийг хамтран байгуулсан бол 2000 онд Юл Кутай хамтран Лос-Анжелест AG Adriano Goldschmied брэндийг үүсгэн байгуулсан байна. Чухам энэ төсөл нь жийнсийг энгийн өдөр тутмын хувцаснаас илүүтэй премиум бүтээгдэхүүн гэж харах ойлголтыг зах зээлд хүчтэй түгээхэд том нөлөө үзүүлжээ.
Мөн Адриано Голдшмидт Францын Chloé загварын ордонтой хамтран ажиллаж, деним материалыг шинэчлэн боловсруулах чиглэлд хувь нэмрээ оруулсан байна.
Түүний ард эхнэр Микела болон Сара, Марта, Гленда нэртэй гурван охин нь үлджээ.