Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн суут уран бүтээлч Клинт Иствуд албан ёсоор зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 96 насны босго алхсан тэрбээр Холливуудын алтан тайзнаа 70 гаруй жилийн турш зүтгэхдээ хөнгөхөн ковбой залуугийн дүрээс дэлхийн хэмжээний суут найруулагч хүртэлх агуу замыг ганцаар туулсан юм. Түүний энэхүү шийдвэрээр дэлхийн кино урлагийн нэгэн хүчирхэг, дахин давтагдашгүй харизм бүхий баатарлаг түүхийн хуудас хаагдаж байна.
Сан Францискогийн хүүгээс Вестерн киноны хаан хүртэл
Энэхүү домогт эрхэм 1930 оны тавдугаар сарын 31-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлж байжээ. Тэрбээр бага насаа Пьемонт хотод өнгөрүүлсэн бөгөөд 1949 онд тус хотынхоо ахлах сургуулийг дүүргэх үедээ техник оролддог, хөгжимд дуртай жирийн нэгэн хүү байв. Улмаар 1951 онд АНУ-ын армийн эгнээнд татагдаж, 1953 онд цэргээс халагдсаныхаа дараа Лос-Анжелес хотын коллежид элсэн орсноор кино урлагийн амьдралтайгаа албан ёсоор холбогджээ. Карьерынхаа эхэн үед вестерн адал явдалт киноны эерэг залуугийн дүрийг бүтээдэг байсан түүний авьяасыг найруулагч Сержио Леоне нээн илрүүлж, хамтран ажилласнаар түүнийг алдрын оргил руу хөтөлсөн түүхтэй. Ийнхүү 1960-1980 оны туршид тэрбээр вестерн төрлийн бүтээлүүдийн гол дүрээрээ Холливуудын хамгийн эрэлттэй, цуутай жүжигчин болж чаджээ.
Домогт уран бүтээлчийн тоон үзүүлэлт ба шагнал урамшуулал
Клинт Иствуд анх 25 настайдаа дэлгэцийн бүтээлд хөл тавьж байсан бөгөөд 1993 оноос эхлэн голчлон найруулагчийн ажлаар уран бүтээлээ туурвих болсон юм. Америкийн кино урлагт зүтгэсэн 70 шахам жилийн баялаг түүх, амжилтыг нь дараах тоо баримт болон нэр хүндтэй шагналууд баталдаг:
- Уран сайхны нийт 66 кинонд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн.
- Нийт 33 кинонд продюсероор ажиллаж, кино багийг удирдан чиглүүлсэн.
- Кино академийн дээд шагнал болох “Оскар”-ыг дөрвөн удаа хүртсэн.
- Нэр хүндтэй “Алтан бөмбөрцөг” наадмын дөрөв, “César awards”-ын гурван удаагийн шилдгээр шалгарч байв.
- Түүнчлэн Италийн Венецийн кино наадмын “Алтан арслан” болон Ирвинг Г.Талбергийн нэрэмжит шагналуудыг түүнд гардуулжээ.
Тэрбээр хамгийн сүүлд өөрийн найруулсан 40 дэх уран сайхны бүтээл болох “Juror No.2” киноныхоо зураг авалтыг бүрэн дуусгаад байгаа аж. Энэхүү бүтээл нь түүний найруулагчийн хувиар ажилласан сүүлчийн уран бүтээл бөгөөд ийнхүү тэрбээр уран бүтээлийн замаа албан ёсоор цэглэж байна.