Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан тайзны урлагт шинэ шат эхлүүлэх томоохон төслийг албан ёсоор зарлалаа. Энэ хүрээнд бүрэн хэмжээний мюзикл бүтээж, 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотод нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.
Тус бүтээл нь Монголд анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг мэргэжлийн өндөр түвшинд толилуулах зорилготой бөгөөд цаашид Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилготой аж.
ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дахь продюсераар ажиллаж, дуу, гэрэлтүүлэг, хөгжмийн инженерчлэл, бүжиг дэглэлт зэрэг чиглэлээр мэргэшсэн Британийн уран бүтээлчдийг сонгон оролцуулах юм. Тэд Монголд ирж, дотоодын уран бүтээлчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ театр, урлагийн салбарынханд зориулсан мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Британийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг 2026 оны дөрөвдүгээр сард танилцуулах юм байна.
Дүрийн сонгон шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид болон Монголын авьяаслаг уран бүтээлчдийг хамруулж, олон улсын хамтарсан бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа амилуулах аж.
Төслийн Монгол баг дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд санаачлагчаар Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг, ерөнхий продюсераар гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, продюсераар Ж.Өнөрмаа, гүйцэтгэх продюсерээр О.Мөнхтуул, ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн, уран сайхны удирдаачаар Б.Анхбаатар, хөгжмийн найруулагчаар Б.Чинбат, зохиолчоор Г.Бадамрагчаа, зөвлөхөөр Н.Наранбаатар нар ажиллаж байна.