Justin Bieber Coachella-ийн тайзнаа хедлайнер уран бүтээлчээр гарахаар бэлтгэж, уран бүтээлийн томоохон эргэн ирэлтээ эхлүүлэх гэж байна.
Тэрээр энэхүү нүсэр тоглолтынхоо өмнө Лос-Анжелес хотын домогт “Roxy” болон “Troubadour” клубүүдэд маш цөөн үзэгчтэй, нууцлаг хоёр тоглолт хийгээд амжжээ. Зөвхөн азтай цөөн хэдэн шүтэн бишрэгч л эдгээр тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж олдсон байна.
Эдгээр нь Bieber-ийн сүүлийн дөрвөн жилийн дараах анхны бие даасан тоглолтууд болсон аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Coachella” наадмын зохион байгуулагчид түүнд ердөө хоёр оройн үзүүлбэрийн төлөө 10 сая ам.доллар төлсөн гэх яриа гараад байна.
Түүний энэхүү алхмыг урлагтаа эргэн ирж буй томоохон “comeback”-ынх нь эхлэл гэж нэрлэж байгаа бөгөөд “Coachella” дахь тоглолтыг нь Netflix-ийн шинэ баримтат төсөлд зориулан бичиж авч байгаа гэх мэдээлэл ч тарсан юм. Гэвч Netflix компани энэ талаар “Extra” хэвлэлд тайлбар өгөхдөө уг мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдэгджээ.
Мөн Sabrina Carpenter энэ жил Coachella-д дахин оролцох бөгөөд энэ удаад хедлайнер уран бүтээлчийн статустайгаар эргэн ирж байна. Түүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 17-нд Madonna тайзан дээр нэгдэж, одоогоор хэнд ч сонсогдоогүй байгаа шинэ хамтарсан дуугаа хамт дуулах магадлалтай гэх яриа ч тархаад байна.
Түүнчлэн олон улсын супер од Karol G Coachella-ийн түүхэнд анх удаа хедлайнер болсон Латин эмэгтэй уран бүтээлч болж шинэ түүх бичих гэж байна.
Фестивалийн бүх тоглолтыг үзэхийг хүсвэл Coachella-ийн албан ёсны YouTube хуудсаар дамжуулан үзэх боломжтой.