Хуучин ажилтан нь шашин шүтлэг, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж, дарамталсан гэж мэдэгджээ
Жүжигчин Тимоти Шаламеттай үерхэж буй Кайли Женнерийг түүний хуучин гэрийн үйлчлэгч шүүхэд өгсөн тухай мэдээлэл гарлаа.
Орон нутгийн цагаар 21-нд Page Six хэвлэл “Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгсөн байна. Тус ажилтан өөрийн шашин шүтлэг болон эх орны гарал үүслийн улмаас бусад ажилтнуудаас ялгаварлан гадуурхалт, дарамт амссан гэж үзэж байгаа” хэмээн мэдээлжээ.
Page Six-ийн олж авсан шүүхийн баримтад дурдсанаар, Анжелика Васкес 2024 оны есдүгээр сард Женнерийн Калифорни мужийн Беверли Хиллз дэх гэрт үйлчлэгчээр ажилд орсон байна. Гэвч ердөө долоо хоногийн дараа түүнийг Женнерийн Хидден Хиллз дэх өөр байшин руу шилжүүлж, тэнд ахлах үйлчлэгч Пэтси болон Элси нэртэй эмэгтэйд тайлагнадаг болжээ.
Тэрээр ажлын хугацаандаа “өөрийг нь дайсагнасан, гадуурхсан орчинд байнга оруулж байсан” гэж мэдүүлсэн байна. Гомдолд “Пэтси түүнийг хамгаалагчдын хамт хүлээлгэж, яагаад энд байгаа талаар нь асууж, өөрийг нь хүсээгүй хүн гэдгийг ойлгуулсан” гэж дурджээ.
Эль Сальвадороос гаралтай, католик шашинтай Васкесийн мэдэгдсэнээр, “Түүнд байнга хамгийн хүнд, хамгийн хүн хийхийг хүсэхгүй ажлуудыг даалгаж, гэрийн үйлчлэгчдийн багаас тусгаарлаж, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгийнх нь улмаас хамт ажиллагсдынх нь өмнө доромжилж, нэр төрийг нь гутаан, сүрдүүлсэн, бас дорд үзсэн харьцаа үзүүлдэг байсан” гэжээ.
Нэхэмжлэлд цааш нь “Хариуцагчид түүнийг доромжлох, сүрдүүлэх, дээрэнгүй байдлаа харуулахын тулд ялгаварлан гадуурхсан, басамжилсан үг хэллэгийг удаа дараа хэрэглэсэн” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн түүний аялгыг байнга шоолж, Пэтси болон Элси хоёрын хийх ёстой ажлыг хүртэл түүнд хийлгэдэг байсан гэж дурджээ.
Эцэст нь дайсагнасан ажлын орчны улмаас Васкест гэмтлийн дараах стрессийн эмгэг болон түгшүүрийн шинж тэмдэг илэрч, өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа орхиход хүрсэн байна. Тэрээр цалингийн дутуу олговор, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болон шийтгэлийн шинжтэй хохирол нэхэмжилж байгаа аж.
Нэхэмжлэл Кайли Женнер рүү шууд чиглээгүй ч Васкесийн гаргасан гомдол, асуудлыг зохих ёсоор шийдвэрлээгүй гэх үндэслэлээр түүнийг мөн хариуцагчаар татсан байна.
Кардашьяны гэр бүлийн реалити шоуны од Кайли Женнер нь бизнес эрхлэгч, алдартан, модель гэдгээрээ танигдсан нэгэн. Хоёр хүүхдээ ганцаараа өсгөж буй ээжийн хувьд тэрээр амжилттай гоо сайхны компанийг үүсгэн байгуулсан тэрбумтан гэдгээрээ алдартай бөгөөд мөн Тимоти Шаламетын хамтрагч гэдгээрээ олны анхаарлыг татдаг.
1 comment
Ийм асуудал гарсан нь сонирхол татаж байна