Katie Price-ийн дөрөв дэх нөхөр Lee Andrews сураггүй болсон хэрэг олон улсын анхаарал татаж эхэллээ. Дубай, Оманы хилийн ойролцоо хийсэн сүүлчийн FaceTime дуудлагын дараа түүнтэй холбоо тасарсан бөгөөд Дубайн эрх баригчид одоогоор түүний байршлыг тогтоож чадаагүй байна.
43 настай Lee Andrews-ийг албан ёсоор сураггүй болсон хүн гэж бүртгэжээ. Түүний гэр бүлийнхэн Дубай дахь Их Британийн Элчин сайдын яаманд мэдэгдэл гаргасан байна. Тэрээр тавдугаар сарын 13-ны лхагва гарагт Хаттагийн хилээр нэвтэрч, Их Британи руу нисэхээр явж байсан гэх мэдээлэл бий.
Katie Price-тэй ойр эх сурвалж The Sun-д:
“Lee одоо албан ёсоор сураггүй болсон хүн болсон. Katie түүний гэр бүлтэй байнга холбоотой байгаа бөгөөд маш их санаа зовж байна”
хэмээн ярьжээ.
Дубайн цагдаагийн байгууллага, тэр дундаа Эрүүгийн мөрдөн шалгах газрын дарга хүртэл хэрэгт оролцсон ч Andrews-ийг тус улсын ямар нэг хорих газар, цагдаагийн хэсэгт байгаа ул мөр илрээгүй гэж мэдээлэгдсэн байна.
Katie Price сүүлчийн дуудлагын талаар ярив
Katie Price өнгөрсөн бямба гарагт YouTube-д нийтэлсэн сэтгэл хөдөлгөм бичлэгтээ нөхөртэйгөө хамгийн сүүлд холбогдсон мөчөө дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснээр, эхэндээ тэр Lee-г сошиалаас түр завсарлаж байгаа гэж Instagram дээр тайлбарласан боловч олон хоног холбоо баригдахгүй болсон тул үнэнийг хэлэхээс өөр аргагүй болсон байна.
Katie-ийн ярьснаар сүүлчийн FaceTime дуудлага оройн 22:00 цагт болсон аж. Тэрээр тухайн мөчийг:
“Тэр толгойдоо юүдэн өмссөн байсан бөгөөд ‘Намайг сая барьсан эсвэл баривчилсан’ гэж хэлсэн. Гарт нь гав биш, харин уяа байсан. Тэгээд ‘Хараач, тэд буцаад ирж байна’ гэж хэлсэн”
хэмээн дүрсэлжээ.
Дараа нь Lee шивнэн:
“Тэд одоо ирж байна, би явах ёстой, явах ёстой”
гэж хэлээд дуудлага 22:03 цагт гэнэт тасарсан байна. Үүний дараа түүний утасны байршил шууд унтарсан гэж Katie ярьжээ.
Тэрээр мөн Дубайн CID-ийн даргатай холбоотой байгаа боловч эрх баригчид Lee-г ямар ч шорон, цагдаагийн газраас олж чадаагүй гэж хэлсэн байна.
“Юу болоод байгааг бид мэдэхгүй байна. Түүнийг хулгайлагдсан эсэхийг ч мэдэхгүй. Тэр одоо гарцаагүй сураггүй болсон хүн”
хэмээн Katie хэлжээ.
Lee Andrews-ийн ээж Katie Price-ийг буруутгав
Хэрэг улам ноцтой болж байх үед Lee-ийн ээж Trisha Andrews Katie Price-ийг хүүгийнх нь нөхцөл байдлыг “ашиглаж байна” гэж буруутгасан байна.
61 настай Trisha Andrews өөрийгөө зөн билэгч медиум гэж танилцуулдаг бөгөөд Facebook дээр дэмжигчдийнхээ сэтгэгдэлд хариулахдаа Katie-ийн эсрэг байр суурь илэрхийлжээ.
Нэгэн хэрэглэгч:
“Хүмүүс түүнийг зүгээр орхих хэрэгтэй. Тэр Price-ийн драма хийдэг зангийн хариуцлагыг хүлээх ёсгүй”
гэж бичихэд Trisha:
“Баярлалаа, Jane. Katie л ашиглаж байгаа, харин би бүх эсэргүүцлийг хүлээж авч байна”
хэмээн хариулсан байна.
Өөр нэгэн дэмжигч түүнд өмөөрсөн сэтгэгдэл бичихэд Trisha:
“Баярлалаа, Debra. Чи яг миний хэлэх гэсэн үгийг хэллээ. Дэмжсэнд баярлалаа”
гэж бичжээ.
Эдгээр сэтгэгдэл нь Mansfield хотод болох Trisha-гийн зөн билгийн арга хэмжээний зарын доор үлдсэн байсан гэж Daily Mail мэдээлсэн байна.
Гэсэн ч Katie Price-тэй ойр эх сурвалж уг хэрэг зохиомол, сурталчилгааны арга гэж үзэж буй яриаг эрс няцаажээ. Тэд Katie ийм таамаглалд маш их эмзэглэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг огт зохиогоогүй гэж мэдэгдсэн байна.
Katie Price, Lee Andrews нарын харилцаа
Katie Price болон Lee Andrews нар 2026 оны нэгдүгээр сард Дубайд гэрлэсэн. Тэд ердөө 10 хоног танилцсаны дараа гэр бүл болсон гэж мэдээлэгдэж байв.
Хосын харилцаа эхнээсээ л дуулиан, маргаанаар дүүрэн байсан бөгөөд Katie өөрөө үүнийг “савангийн дуурь” шиг гэж тодорхойлж байсан байна.
Тэд хамтдаа Good Morning Britain нэвтрүүлэгт анх удаа оролцохоор төлөвлөж байсан ч Lee ирээгүй тул Katie ганцаараа камерын өмнө гарчээ. Дараа нь тэр подкаст дээрээ нөхрөө шүүмжилж, түүнийг өөрийг нь эвгүй байдалд оруулсан гэж хэлсэн байна.
Мөн Lee Andrews өмнө нь Арабын Нэгдсэн Эмират Улсаас гарахыг хориглосон travel ban буюу зорчих хоригтой байсан гэх мэдээлэл гарсан нь түүнийг яагаад хилээр гарах гэж байсан тухай асуултыг улам нэмэгдүүлжээ.
Katie Price сүүлийн үед Lee-тэй хамт авхуулсан зургуудынхаа заримыг Instagram-аас устгаж, хуримын бөгжгүй харагдсан ч тэрээр нөхрөө олохыг маш их хүсэж байгаа гэдгээ мэдэгдсээр байна.
