Английн алдартай жүжигчин Кейт Уинслет төрөлхийн хараагүй, кино урлагт хайртай 14 настай Эрин хэмээх охин “Magic Faraway Tree” (Шидтэн модны өөд) киног үзэхийн тулд ирж очих 140 миль (225 км) замыг туулсан тухай олж мэдээд, түүнтэй холбогдсон байна. Энэ талаар BBC агентлаг мэдээллээ.
Ирландын Брукборо тосгоны оршин суугч бяцхан охин дүрст дүрслэлийн тайлбартай (AD – Audio Description) киног үзэхийн тулд гурван цаг аялахаар шийджээ. Охин ойр хавийнх нь кино театруудад зориулалтын чихэвч байдаггүй тул кинонд тэр бүр явж чаддаггүй гэдгээ хэлсэн байна. Гэвч тэрээр зохиолч Энид Блайтоны бүтээлүүдэд маш хайртай тул түүний номоос сэдэвлэн бүтээсэн киног үзэхийг туйлаас хүсжээ.
Кейт Уинслет охины түүхийг сонсоод маш их сэтгэл нь хөдөлсөн тул киноны продюсертэй хамтран түүнтэй цахим видео дуудлага хийсэн болохыг эх сурвалж онцолжээ. Харилцан ярианы үеэр 14 настай Ирланд охин гэнэтийн явдалд маш бодож, хэлэх ч үг олдохгүй сандарсан байна.
“Би Кейтийн дуу хоолойг сонсоод шууд таньсан, гэхдээ үнэхээр их цочирдсон!” хэмээн Эрин сэтгэгдлээ хуваалцжээ.
Кино урлагийн салбарынхны уучлалт
Жүжигчин Кейт Уинслет охинтой ярилцсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, түүний туулсан урт замын хэмжээг сонсоод үнэхээр гайхширсан гэдгээ хэлсэн байна. Харин киноны продюсер Пиппа Харрис охиноос бүх кино урлагийн салбарынхны нэрийн өмнөөс уучлалт гуйжээ.
“Энэгүү үйл явдал кино театруудад нэгэн төрлийн шахалт болж, цаашид өөр ямар ч хүүхэд кино үзэхийн тулд тань шиг ингэж хол зам туулах шаардлагагүй болно гэж найдаж байна. Ийм хол явах хэрэгтэй болдог нь үнэхээр харамсалтай хэрэг юм” гэж тэрээр хэлэв.
Видео дуудлагын дараа Эрин охин баярын нулимс унагасан байна. Тэрээр Кейт Уинслетийн энэхүү дэмжлэг нь харааны бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан киноны хүртээмжийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


