Дэлхийд алдартай Америкийн поп од Кэти Перри Италийн нийслэл Ром хотын түүхэн дурсгалт Тревигийн усан оргилуурт очих үеэрээ сонирхол татахуйц үйлдлээрээ олны анхаарлыг татжээ. Тэрээр зоосгүй явсан тул уламжлалт ёсыг өөрийнхөөрөө илэрхийлж, кредит картаа ус руу шидэлгүй, харин усанд дүрж хүслээ шивнэсэн байна.
Ромын хамгийн алдартай бэлгэ тэмдгүүдийн нэг болох Тревигийн усан оргилуурыг зорин очсон дуучин Кэти Перри олон зууны турш үргэлжилсэн “зоос хийх” уламжлалд өвөрмөц байдлаар ханджээ. Сошиал сүлжээнд тархсан дүрс бичлэгээс харахад, хүсэл шивнэх мөчид түүнд бэлэн мөнгө байгаагүй учраас түрийвчнээсээ кредит картаа гаргаж, усан оргилуурын усанд түр дүрсэн байна.
Барокко хэв маягийн хамгийн сүрлэг бүтээлүүдийн нэгт тооцогддог, мөн “Хайрын усан оргилуур” хэмээн нэрлэгддэг Тревигийн усан оргилуур нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын очих дуртай газрын нэг хэвээр байна. Харин энд зоос хийх уламжлал нь хэд хэдэн өөр домог, итгэл үнэмшилтэй холбоотой байдаг.
Хамгийн түгээмэл яригддаг домгоор бол баруун гараараа зүүн мөр дээгүүрээ нэг зоос шидсэн хүн дахин Ромд ирдэг гэж үздэг. Хоёр зоос шидвэл шинэ хайртай учирна, харин гурван зоос шидвэл гэрлэлтэд хүрнэ гэсэн итгэл ч бий. 1954 онд дэлгэцнээ гарсан “Three Coins in the Fountain” кино энэ зан үйлийг дэлхий даяар улам алдаршуулсан бөгөөд үүнээс хойш тус усан оргилуурт жил бүр асар их хэмжээний зоос цуглардаг болжээ.
Тэндээс цуглуулсан мөнгийг Ром хотын захиргаа буяны байгууллагуудад хандивладаг байна. Ялангуяа хэрэгцээт хүмүүст хоол хүнс, орон байрны тусламж үзүүлдэг Caritas санд эдгээр хөрөнгийг шилжүүлдэг аж.
Кэти Перри буюу Кэтрин Элизабет Хадсон нь 1984 оны аравдугаар сарын 25-нд төрсөн Америкийн дуучин, дуу зохиогч, жүжигчин юм. Тэрээр госпел хөгжмийн орчинд өсөж, аавынхаа ажилладаг сүмийн найрал дуунд олон жил дуулсан байна. Хөгжмийн замналаа 2001 онд өөрийн жинхэнэ нэрээр эхлүүлсэн ч 2007 онд Capitol Records-той гэрээ байгуулсны дараа “Katy Perry” нэрээр дэлхий даяар танигджээ.
Түүний “One of the Boys” цомог дэлхий нийтийн анхаарлыг татаж, “Teenage Dream” цомог нь карьерыг нь оргилд хүргэсэн юм. Тус цомгийн таван дуу Billboard Hot 100 жагсаалтын нэгдүгээр байрт шалгарсан нь түүнийг поп хөгжмийн түүхэнд онцгой байр суурь эзлэхэд хүргэсэн билээ.
Кэти Перри хөгжмийн амжилтаас гадна өндөр төсөвтэй аялан тоглолт, хүчтэй тайзны шоу, өвөрмөц дүр төрхөөрөө орчин үеийн поп хөгжмийн хамгийн нөлөө бүхий оддын нэг хэвээр байна.