Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКим Кардашиан хуулийн шалгалтдаа бүдэрч, хуульч болох мөрөөдлөө түр хойшлууллаа

Ким Кардашиан хуулийн шалгалтдаа бүдэрч, хуульч болох мөрөөдлөө түр хойшлууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Калифорнийн хуульчийн шалгалтад дахин орохгүй гэжээ

Ким Кардашиан Калифорни мужид хуульчаар ажиллах эрх авах шалгалтад өнгөрсөн жил тэнцээгүй тул энэ чиглэл дэх төлөвлөгөөндөө түр завсарлага авахаар болсон байна.

45 настай реалити шоуны од, бизнес эрхлэгч тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард шалгалтаа дахин өгөөгүй бөгөөд долоодугаар сард болох дараагийн шалгалтад ч оролцох төлөвлөгөөгүй байгаа аж. Уг шалгалтыг жилд хоёр удаа өгөх боломжтой байдаг.

Гэхдээ Кардашиан бүр мөсөн бууж өгсөн гэсэн үг биш. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр, тэр 2027 онд дахин оролдох магадлалтай байна.

“Baby bar”-ыг дөрөв дэх оролдлогоороо давж байв

Кардашиан өмнө нь “baby bar” нэрээр танигдсан, хууль зүйн дадлага хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахад шаардлагатай шалгалтад гурван удаа унаж байжээ.

Тэрээр эцэст нь 2021 онд дөрөв дэх оролдлогоороо уг шалгалтад тэнцсэн байна. Харин одоо өгч буй шалгалт нь түүнээс илүү хүнд шат болох California Bar exam буюу Калифорни мужид хуульчаар ажиллах эрх авах үндсэн шалгалт юм.

Зурагтаар хуульч, бодит амьдрал дээр шалгалттай тэмцсээр

Ким Кардашиан Райн Мёрфи-гийн “All’s Fair” цувралд хуульчийн дүр бүтээдэг. Гэхдээ дэлгэцэн дээр хуульчийн дүрд тоглож байгаа ч бодит амьдрал дээр хуульч болох зам нь түүний хувьд амаргүй үргэлжилж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэр өөрөө шалгалтдаа унаснаа илчилж, хуульч болохоор олон жил хичээж буйгаа ярьсан юм.

Тэрээр:

“Би одоохондоо хуульч болоогүй байна. Харин зурагтаар гоё хувцастай хуульчийн дүр л бүтээж байна. Хуульч болчих гээд зургаан жил явж байна. Шалгалтдаа тэнцтэл зогсохгүй. Товч зам гэж байхгүй. Тиймээс би бууж өгөхгүй. Илүү их хичээж, илүү их суралцана”

хэмээн хэлж байжээ.

Шалгалтын дүн өөртөө итгэх итгэлд нь нөлөөлсөн

Энэ удаагийн бүтэлгүйтэл Ким Кардашианд сэтгэл зүйн хувьд хүнд туссан бололтой. Тэрээр Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шалгалтын үр дүнгээ хараад өөртөө итгэх итгэл нь ганхсан гэдгээ нуусангүй.

Кардашиан:

“Шалгалтынхаа үр дүнг хараад өөртөө итгэлгүй болж, тухгүйдсэн”

гэж ярьжээ.

Шалгалтын бэлтгэл түүнийг туйлдуулсан байна

Кардашиан хуулийн шалгалтад бэлтгэх явц ямар хүнд байсныг “The Kardashians” шоуныхаа нэг ангид ч дэлгэсэн байна.

Тухайн үед тэр бараг сэтгэл зүйн хямралд орох шахаж, маш их ядарсан тухайгаа ярьжээ. Мөн бэлтгэлийн үеэр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт мэдрэмж төрж байсан хэмээн нулимс дуслуулсан байна.

Хуульч болох зам түр завсарлав

Ким Кардашианы хувьд хуульч болох оролдлого нь олон жилийн турш үргэлжилж буй томоохон зорилго юм. Гэвч Калифорнийн хуульчийн шалгалтад тэнцээгүй нь түүнийг богино хугацаанд ухрахад хүргэжээ.

Одоогоор тэр 2026 оны шалгалтуудад дахин орохгүй бөгөөд хуульч болох мөрөөдлөө 2027 он хүртэл түр хойшлуулж магадгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Бадамцэцэг 5 сар 18, 2026 - 14:28

Амжилттай хүмүүс ч гэсэн бүтэлгүйтэх үе байдаг юм байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх