Ким Кардашьян, Льюис Хэмилтон нар Малибуд далайн эргийн халуухан болзоогоороо олны анхаарлыг татлаа.
Хосууд далайн усанд тэврэлдэж, бие биедээ улам ойртон үнсэлцэж буй агшин гэрэл зураг болон бичлэгт үлдсэн байна. Тэдний дотно харилцаа ийнхүү ил гарснаар энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн болзож байгаа гэх яриа улам хүчтэй болжээ.
TMZ-ийн олж авсан зураг, бичлэгээс харахад, тэд өмнө нь Парис дахь зочид буудалд нэг SUV машинаас хамт бууж ирж байсан аж. Харин гуравдугаар сард People сэтгүүлд өгсөн мэдээллээр, Ким Льюисийн хамт Токио руу аялсан бөгөөд түүнтэй цуг Кимийн хүүхдүүд болох Сэйнт, Чикаго, Псалм нар мөн явсан байна.
Тус хэвлэлд ярилцсан эх сурвалжийн хэлснээр, Льюис нь тайван, эерэг энергитэй хүн бөгөөд Кимийн гэр бүлийнхэн ч түүнд сайн ханддаг аж. Мөн Ким түүнд үнэхээр татагдаж байгаа бөгөөд хоёулаа ажил ихтэй ч боломж гарах бүрд уулзахыг хичээдэг гэжээ. Эх сурвалжийн мэдээллээр, энэ харилцаа зүгээр нэг өнгөц холбоо биш бөгөөд Кимийн сонирхлыг татахад амаргүй байдгийг бодоход тэр Льюист үнэхээр татагдсан бололтой.
Энэ сарын эхээр тэд харилцаагаа Инстаграм дээр ч ил тод болгосон байна. Льюисийн нийтэлсэн бичлэгт тэр Ferrari F40 машины жолооны ард сууж, Ким хажуугийн суудалд нь суусан байв. Тэд Токио дахь Daikoku Parking Area орчимд хурд мэдрэн явсан бөгөөд бичлэгийн төгсгөлд Ким камер руу хандан, “Энэ үнэхээр галзуу юм” гэж хэлжээ.