K-pop од анх удаа Met Gala-гийн зохион байгуулагчдын эгнээнд
2025 он дуусахын алдад загварын ертөнцөд нэгэн түүхэн өөрчлөлт хийсэн мэдээ цацагдлаа. БНСУ-ын алдарт “Blackpink” хамтлагийн гишүүн, дуучин Лиса 2026 оны “Met Gala” ёслолын зохион байгуулах хорооны (host committee) бүрэлдэхүүнд нэрлэгджээ.
Ингэснээр загварын ертөнцийн хамгийн чухал үдэш гэгддэг энэхүү арга хэмжээг удирдан зохион байгуулагчдын дунд K-pop уран бүтээлч анх удаа багтаж байна. Өмнө нь солонгос дуучид, уран бүтээлчид Met Gala-д зөвхөн зочноор уригдаж улаан хивсний ёслолд алхдаг байсан бол энэ удаа Лиса нь арга хэмжээг төлөвлөж, найруулах гол багийн нэг хэсэг болж буй нь Ази уран бүтээлчдийн байр суурь, нөлөө ямар түвшинд хүрснийг харуулж байна байна.
Загварын хийгээд поп соёлын ажиглагчид энэ үйл явдлыг Азийн оддын нэр хүнд дэлхийн хэмжээний тайзан дээр улам нэмэгдэж, ази соёлын нөлөө дэлхийн хэмжээний поп соёлд гүн шингэж байгаагийн илрэл гэж үзэж байна.
“Костюм Арт” сэдэвтэй Met Gala 2026 ямар онцлогтой вэ?
Жил бүр Met Gala-д хүрэлцэн ирдэг алдартнуудын хувцаслалт, гоёл чимэглэл, загварын шийдлүүд нь загварт дурлагсдын ярианы гол сэдэв болдог. Ирэх жилийн ёслол ч үүнээс онц дутахааргүй хүлээлттэй байна.
2026 оны Met Gala ёслолын гол сэдвийг “Костюм Арт” хэмээн зарласан бөгөөд энэ нь хувцас, өмсгөл, дүрийн дизайныг зөвхөн загварын түвшинд бус, цэвэр урлагийн бүтээл гэж харах өнцгийг онцлох зорилготой. “Костюм Арт” нэртэй үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 10-нд нээлтээ хийж, 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.
Харин Met Gala 2026 ёслолын арга хэмжээ өөрөө үзэсгэлэнгээс түрүүлж, 2026 оны тавдугаар сарын 4-нд зохион байгуулагдахаар болжээ. Ийнхүү Лисагийн оролцоо, шинэ сэдэв, Азийн урлаг, загварын төлөөллийн өсөлт нь ирэх жилийн Met Gala-г зөвхөн “улаан хивсний шоу” бус, поп соёлын томоохон түүхэн мөч болгох магадлалтай болоод байна.