Энэ жилийн Met Gala түүхэн хэмжээний хандив босгов
2026 оны Met Gala Костюмын хүрээлэнг дэмжих зорилгоор нийт 42 сая ам.доллар цуглуулж, дээд амжилт тогтоосон байна. Энэ жилийн гала үдшийн нэг хүний тасалбарын үнэ 100 мянган ам.долларт хүрсэн бөгөөд арга хэмжээний гол ивээн тэтгэгчдийн нэгээр Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний эхнэр Лорен Санчес нар тодорчээ.
Жефф Безос, Лорен Санчес нарын оролцоо эсэргүүцэл дагуулав
Гэхдээ Безос, Санчес нарын оролцоо Met Gala болохоос өмнө маргаан үүсгэсэн байна. Тухайлбал, тэдэнтэй холбоотойгоор Мэрил Стрип Met Gala-ийн хамтран даргалах үүргээс татгалзсан гэж мэдээлжээ.
Мөн Зендая энэ жилийн арга хэмжээнд оролцоогүй байна. Албан ёсны тайлбараар жүжигчин бүсгүй “Вот это драма!” кино болон “Эйфория” цувралтай холбоотой хэвлэлийн аялан тоглолтуудын дараа амрахаар шийдсэн гэжээ.
Гэсэн ч өмнө нь Зендая Жефф Безос, Лорен Санчес нартай холбоотой байр сууриа шууд бусаар илэрхийлж байсан хэмээн хэвлэлүүд онцолсон байна. Тэрээр “Эйфория” цувралын хамтран тоглогч, мөн Безос-Санчес хосын дэмжлэгтэй гэгддэг Сидни Суинитэй зай барьсан нь үүнтэй холбон тайлбарлагджээ.
Лорен Санчес улаан хивсний анхаарлын төвд байв
Лорен Санчес энэ жилийн Met Gala-ийн улаан хивсэн дээр олны анхаарлыг татсан зочдын нэг байлаа. Түүний оролцоо зөвхөн хувцаслалт, дүр төрхөөрөө бус, арга хэмжээний санхүүжилт болон ивээн тэтгэгчдийн хүрээнд ч олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болсон байна.
Нью-Йоркийн захирагч ч Met Gala-г алгасжээ
Өмнө нь Нью-Йорк хотын 34 настай захирагч Зохран Мамдани болон түүний эхнэр, 28 настай Рама Дуваджи нар мөн Met Gala-д оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Түүний хэлснээр:
“Нийгэм тэрбумтнуудын ертөнцийн дүрмээр оршин тогтнох ёсгүй”
Энэхүү мэдэгдэл нь Met Gala-ийн санхүүжилтэд томоохон бизнес эрхлэгчид, тэр дундаа Жефф Безос оролцож байгаатай холбоотойгоор илүү их анхаарал татсан байна.
Met Gala-ийн энэ жилийн сэдэв “Costume Art” байв
Met Gala нь Нью-Йорк дахь Метрополитен музейн Костюмын хүрээлэнд зориулан хөрөнгө босгодог, дэлхийн хэмжээний одод оролцдог жилийн хамгийн том загварын арга хэмжээ юм.2026 оны балын сэдэв “Costume Art” буюу “Костюмын урлаг” хэмээн нэрлэгдсэн байна. Энэ сэдвийн хүрээнд хүний биеийн дүрслэл урлагийн янз бүрийн эрин үед хэрхэн тусгагдаж ирснийг харуулжээ. Үүнд сонгодог уран баримлаас эхлээд орчин үеийн загварын хэлбэрүүд хүртэл багтсан байна.