Netflix платформ албан ёсоор шинэ томоохон төслөө зарлалаа. Ма Дон Сок, Ли Жин Вук, дэлхийн K-pop од Лиза нарын гол дүрийг бүтээх “TYGO” нэртэй бүрэн хэмжээний тулаант кино нь Крис Хемсвортын тоглосон алдарт “Extraction” киноны ертөнцөд өрнөхөөр болж байна.
“TYGO” – Дайны өнчин хүүгээс хөлсний цэрэг болсон ТАЙГОгийн түүх
Шинэ киноны гол төвд дайны хөлд эцэг эхээсээ өнчирч, хөлсний цэрэг болон амьдралаа залгуулж буй Тайго нэртэй эр бий. Түүний бага наснаас нь дэргэд нь байсан хамгийн дотнын найз Лиа гэмт хэрэгтнүүдийн бүлгийн гарт орж, хулгайлагдсанаар үйл явдал эхэлнэ.
Тайго Лиагаа аврахын тулд амь өрсөн аюултай даалгаварт оролцож, хүч, стратеги, сэтгэл хөдлөл огт салшгүй холилдсон аврах ажиллагаа өрнөнө. “TYGO” нь “Extraction” ертөнцөд шинэ дүрүүд, шинэ дайснууд, өөр өнцгийн тулаан, Солонгос өнгө аясыг нэмэх зорилготой.
Ма Дон Сок – Тайго: Солонгосын “one-man army” дэлхийн франчайзд нэгдлээ
“The Roundup” цуврал болон Marvel-ын “Eternals” киногоороо дэлхий даяар танигдсан Ма Дон Сок энэ удаад гол дүр Тайгог бүтээнэ. Бие бялдар, тулааны хэв маяг, харцнаасаа эхлээд дэлгэцийг дүүргэдэг түүний дүр төрх ийм төрлийн тулаант кинонд яг тохирох сонголт болсныг фэнүүд онцолж байна.
Түүний бүтээх Тайго бол сэтгэл зүйн шархтай ч найзынхаа төлөө бүхнийг бусниулахад ч бэлэн, хүчирхийлэл дундуур амьдралаа өнгөрөөсөн цэрэг–өнчин хос дүртэй анти-баатар байх юм.
Ма Дон Сок өөрөө уг төслийн тухай:
“AGBO-той хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл эцэст нь хэрэгжиж байгаад би баяртай байна. ‘TYGO’ нь ‘Extraction’ ертөнцөд өвөрмөц Солонгос өнгө төрхийг нэмж байна” гэж онцлон хэлжээ.
Ли Жин Вук – Арман Чой: Өндөр хүчдэлийн тулааны гол эсрэг дүр
“Squid Game”, “Sweet Home” зэрэг Netflix-ийн супер хит бүтээлүүдээрээ танигдсан Ли Жин Вук “TYGO” кинонд гол эсрэг дүр болох Арман Чойгийн дүрийг бүтээнэ.
Арман Чой бол хүчирхэг гэмт хэргийн сүлжээний толгой, Тайгог үхэл амьдрал хоёрын зааг дээр аваачих аюултай өрсөлдөгч. Түүний замд Тайго багийнхаа хамтаар орж ирэхэд хоёр талын мөргөлдөөн өндөр эрчимтэй, бодит тулаан, сэтгэл зүйн тоглолтоор дүүрэн байхыг продакшн амлаж байна.
Ли Жин Вук өөрийн сэтгэгдлээ ийнхүү илэрхийлжээ:
“‘Extraction’ киноны шүтэн бишрэгч хүний хувьд энэ ертөнцөд нэгдэх нь маш том нэр төрийн хэрэг, ялангуяа Ма Донг Сок, Лиза нарын хамт” гэж нэмж хэлэв.
Лиза – Лиа: K-pop од Солонгосын кинонд анхны том дебютээ хийж байна
BLACKPINK хамтлагийн гишүүн, дэлхийн хэмжээний K-pop супер од Лиза энэхүү төсөлд оролцож, Солонгосын кинонд анхны дебютээ хийнэ.
Түүний бүтээх Лиа нь Тайгогийн багийн үнэнч анд, бага насны хамтрагч бөгөөд түүнийг хулгайлсан үйл явдал киноны гол мөрийг хөдөлгөнө. “Цагаан бадамлянхуа” цувралын 3-р улирлын бүтээлээр жүжиглэлтийн талбарт анхаарал татсан Лиза энэ удаа анхны тулаант дүр-ээ бүтээж буй нь фенүүдийн хүлээлтийг улам өсгөж байна.
Лиза өөрийн мэдрэмжийг:
“Энэ кинонд нэгдэх нь нэр төрийн хэрэг. Адал явдалт кинонд тоглох нь үргэлж миний мөрөөдөл байсан” хэмээн хуваалцжээ.
“TYGO” – шилдэг бүрэлдэхүүнтэй продакшн
Киноны найруулгыг “The Roundup”, “The Roundup: No Way Out” бүтээлүүдээрээ хүчирхэг тулаант сцен, хэмнэлтэй найруулдгаараа үнэлэгдсэн Ли Сан Ён хариуцаж байна.
Түүнчлэн Солонгосын тулаант киноны ертөнцөд “домог” хэмээн нэрлэгддэг тулааны найруулагч Хео Мён Хэенг багт нэгдсэн нь “TYGO” киноны тулаантай хэсгүүдийн гол давуу тал болно гэж үзэж байна.
Продакшны талд:
- Big Punch Pictures
- AGBO (“Extraction”, “The Gray Man” зэргийг бүтээсэн Russo ах дүүсийн компани)
- Nova Film
- B&C Group
хамтран ажиллаж байгаа нь төсөл зөвхөн Солонгосын зах зээл бус, шууд дэлхийн үзэгчдэд зориулагдсан цэвэр олон улсын масштабтай бүтээл болохыг харуулж байна.
AGBO-ийн бүтээлч захирал Анжела Руссо-Остот сэтгэгдлээ:
“Extraction” киноны ертөнцийг Солонгосын өнцгөөс өргөжүүлэхэд баяртай байгаагаа хэлээд, жүжигчдийг “домогт бөгөөд дэлхий даяар хайртай” хэмээн онцолжээ.
Дэлхийн хамгийн их хүлээлттэй тулаант кинонуудын нэг болох төлөвтэй
Албан ёсны зар, жүжигчдийн бүрэлдэхүүн, найруулагчийн баг, продюсер компаниудын хэмжүүрээр харахад “TYGO” нь Netflix-ийн ойрын жилүүдийн хамгийн их хүлээлттэй дэлхийн хэмжээний тулаант төсөл болж байна.
Солонгосын тулаант киноны цар хүрээг Marvel, Netflix, Russo ах дүүсийн “Extraction” франчайзтай нэг түвшинд холбож буй энэ кроссовер нь Солонгосын тулаант кино, K-pop оддын нөлөө, Холливүүдийн франчайзын хүч гурвыг нэг дор нэгтгэсэн ховор жишээ болж байна.