Поп одын гэрт халдсан хэрэгт буруутгагдаж буй сэжигтний анхны шүүх хурлын тайван төрх
Поп од Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу гал нээсэн хэрэгт холбогдсон эмэгтэй баривчлагдсанаасаа хойш анх удаа шүүх дээр ирсэн байна. Гэвч хэргийн ноцтой байдлаас үл хамааран тэр шүүх танхимд инээмсэглэсэн төрхтэй харагдсан нь олон нийтийг дахин цочирдуулжээ.
Орон нутгийн цагаар энэ сарын 9-нд гарсан мэдээллээр, Рианнагийн харш руу халдсан хэрэгт буруутгагдаж буй 35 настай Иванна Ортис өнгөрсөн лхагва гарагт Лос-Анжелесийн Дээд шүүхэд болсон сонсголд оролцсон байна.
Шар өнгийн хорих ангийн хувцастай, гарт нь гав зүүсэн Ортис шүүхийн танхим руу хамгаалалтын ажилтны хажууд орж ирэхдээ хүртэл тайван байж, инээмсэглэсэн аж. Тэр өнгөрсөн сард Рианнагийн эсрэг хүн амины хэрэг хийхээр завдсан зэрэг нийт 14 зүйл ангид буруутгагдаж байгаа ч өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ.
Харш руу 20 орчим сум буудах үед Рианна гэр бүлтэйгээ дотор нь байсан гэж мэдээлэв
Прокуроруудын мэдээлснээр Ортис гуравдугаар сарын 8-нд 13.8 сая ам.долларын үнэлгээтэй Рианнагийн харшид AR-15 төрлийн автомат буутай ирж, ойролцоогоор 20 сум буудсан байна. Түүнд одоогоор хүн амины хэрэг завдсан 10, хагас автомат галт зэвсгээр халдсан 3 зэрэг хэд хэдэн ноцтой зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа аж. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байна.
Хэрэг гарах үед 38 настай Рианна, түүний хамтрагч A$AP Rocky болон тэдний гурван хүүхэд болох RZA, Riot, Rocky нар бүгд харшид байсан гэж мэдээлжээ. Тодруулбал, Рианна, Rocky хоёр тухайн үед байшингийн хажууд байрлуулсан Airstream чиргүүлэн сууцанд байжээ.
Цагдаагийн тайланд дурдсанаар Рианна, “Би гэнэт төмөр цохиж байгаа мэт чанга дуу 10 орчим удаа сонссон” хэмээн мэдүүлсэн байна. Мөн тэрээр дуу чимээ намдсаны дараа хөшгөө сөхөж харахад өөрийн зогсож байсан газрын яг өмнөх чиргүүлийн урд талын шилэнд тод сумны нүх гарсан байсныг харжээ. Үүний дараа Рианна унтаж байсан Rocky-г сэрээж, “Хэн нэгэн бидэн рүү буудаж байна” гэж хэлээд өөрөө шалан дээр шидэгдэн унасан байна. Дараа нь хосууд хүүхдүүд болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг шалгахаар гарааш руу яаран гүйсэн гэж мэдээлжээ.
Аз болоход хүний амь нас эрсдээгүй ч хэрэг гарах үед харш дотор Рианнагийн ээж, ажилтнууд зэрэг нийт найман хүн байсан бөгөөд хөршийн хоёр оршин суугч мөн аюулд өртсөн байна.
Сэтгэцийн асуудалтай байсан гэх сэжигтний батлан даалтыг бууруулахаас шүүх татгалзжээ
Ортис нь хэл заслын эмчийн мэргэжлийн үнэмлэхтэй бөгөөд өөрийгөө “Христийн нөлөөлөгч” гэж нэрлэдэг нэгэн аж. Тэр өмнө нь сошиал сүлжээгээрээ дамжуулан Рианнад хүчтэй дайсагнасан агуулгатай бичлэг, үг хэллэг нийтэлж байсан нь тогтоогджээ. Тухайлбал, “Рианна бол шулам. Бурхан намайг ирээдүй рүү аваачна” болон “Намайг алахыг хүсэж байна уу? Дуугүй бай” гэх мэт ойлгомжгүй, доромж шинжтэй мэдэгдлүүд хийж байсан байна.
Мөн Ортис өмнө нь албадан сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж байсан түүхтэй бөгөөд 2024 онд хүүхдээ асран хамгаалах эрхээ хасуулсан зэрэг сэтгэл зүйн тогтворгүй байдалтай байсан тухай мэдээлэл гарчээ.
Шүүх түүнийг олон нийтэд аюултай гэж үзэн 1.875 сая ам.долларын батлан даалтын хэмжээг бууруулах хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Иймээс Ортис дараагийн шүүх хурлаа тавдугаар сарын 13-нд цагдан хоригдсон хэвээр хүлээхээр болжээ.