Олон жилийн хайр хуримаар үргэлжлэхээр боллоо
Олон жилийн турш үргэлжилсэн романтик харилцаа, олны анхаарлыг татсан харилцан дэмжлэг, 2025 оны наймдугаар сард зарласан сүй тавилтын дараа Cristiano Ronaldo болон Georgina Rodríguez нар гэр бүлээ шинэ шатанд гаргахаар шийджээ. Хосууд хайр дурлалынхаа түүхийг хуримаар бататгаж, амьдралынхаа дараагийн бүлгийг эхлүүлэх гэж байна.
Daily Mail-ийн мэдээлснээр, Cristiano Ronaldo сүйт бүсгүй Georgina Rodríguez-тэйгээ өөрийн төрсөн нутаг болох Португалийн Madeira арал дээр хуримаа хийхээр төлөвлөжээ. Арлын нийслэлд байрлах Funchal Cathedral ирэх бямба гараг буюу наймдугаар сарын 8-нд болох сүрлэг хуримын ёслолд зориулан захиалагдсан байна. Ёслол 15:00 цагт эхлэх төлөвтэй аж.
Savoy Palace Hotel-д томоохон бэлтгэл хийж байна
Ronaldo болон Georgina нар хүлээн авалтын газрын ойролцоох таван одтой Savoy Palace Hotel-ийг захиалсан гэж мэдээлэгдэж байна. Daily Mail-д эх сурвалж “Зочид буудлын зочдод баасан, бямба гарагт хоёр давхар болон өөр хэд хэдэн хэсэг хаагдана гэж мэдэгдсэн” хэмээн ярьжээ.
Хосууд харилцаагаа эхлүүлсэн цагаасаа хойш романтик мөчүүд, гэр бүлийн амьдрал, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа олон нийттэй тогтмол хуваалцсаар ирсэн юм.
2017 оны эхэн: Тэдний анхны уулзалт
Ronaldo, Georgina Rodríguez нарын хайрын түүх 2017 оны эхээр эхэлсэн. Тухайн үед Georgina Gucci дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Ronaldo загвар өмсөгч Irina Shayk-тай таван жил үргэлжилсэн харилцаагаа дуусгасны дараах үе байв.
Georgina Netflix-ийн “I Am Georgina” цувралдаа харилцааны эхэн үед Ronaldo түүнийг ажлаас нь тансаг спорт машинаар ирж авдаг байсныг дурссан байдаг.
2017 оны нэгдүгээр сар: Анхны албан ёсны хамтдаа гарсан мөч
Хосууд 2017 оны нэгдүгээр сард Zurich хотод болсон FIFA Football Awards арга хэмжээнд анх удаа албан ёсоор хамтдаа оролцсон. Тэдний дэргэд Ronaldo-гийн ууган хүү Cristiano Jr. мөн байсан юм.
Тухайн оны гуравдугаар сард Ronaldo болон Georgina нар харилцаагаа Instagram дээр ил болгож, хамт авахуулсан анхны романтик зургаа нийтэлжээ.
2017 оны зургаадугаар сарын 29: Ихрүүдээ өлгийдөн авсан нь
2017 оны зургаадугаар сарын 29-нд Ronaldo тээгч эхээр дамжуулан төрсөн ихэр хүүхдүүдээ өлгийдөн авснаа Facebook хуудсаараа зарласан. Тэрээр нярай хүүхдүүдээ тэвэрсэн зургаа нийтэлж, “Амьдралынхаа хоёр шинэ хайрыг тэвэрч байгаадаа үнэхээр жаргалтай байна” хэмээн бичжээ.
Хожим тэрээр ихрүүддээ Eva болон Mateo гэх нэр өгснөө мэдэгдсэн байна.
2017 оны долоодугаар сарын 18: Georgina хүүхэд хүлээж байгааг батлав
Ихрүүд мэндэлснээс хэдхэн долоо хоногийн дараа Ronaldo Испанийн El Mundo-д өгсөн ярилцлагадаа Georgina түүний дөрөв дэх хүүхдийг тээж байгааг баталжээ.
Наймдугаар сард Georgina жирэмсэн төрхтэйгөөр HOLA! сэтгүүлийн нүүрэнд гарч, гэр бүлдээ ямар их хайртайгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Би гэр бүлсэг хүн. Би хүүхэд, байгаль, амьтдад хайртай. Өдөр бүр намайг илүү сайн хүн болоход урамшуулдаг, эерэг энерги өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай” хэмээн ярьжээ.
2017 оны арваннэгдүгээр сарын 12: Alana Martina мэндэллээ
2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд Ronaldo болон Georgina нарын анхны хамтын хүүхэд болох охин Alana Martina мэндэлсэн.
Ronaldo уг баярт мэдээг Instagram болон Twitter хуудсаараа хуваалцсан бөгөөд тэрээр хүү Cristiano Jr.-ийн хамт эмнэлгийн хувцастай, нярайгаа тэвэрсэн Georgina-гийн дэргэд авахуулсан зургаа нийтэлжээ.
2021 оны аравдугаар сар: Дахин ихэр хүүхэд хүлээж байгаагаа зарлав
2021 оны аравдугаар сард Ronaldo, Georgina нар дахин ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа Instagram-аар мэдэгдсэн. Тэд хэт авианы зураг барьсан хамтарсан selfie нийтэлж, гэр бүл нь дахин бүл нэмэх гэж байгааг фэнүүддээ дуулгажээ.
2022 оны дөрөвдүгээр сарын 18: Баяр ба эмгэнэл зэрэгцсэн өдөр
2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ronaldo Instagram хуудсаараа охин нь мэндэлсэн ч түүний ихрийн өрөөсөн болох хүү нь нас барсан тухай эмгэнэлт мэдээг зарласан.
Хосууд “Бидний хүү нас барсныг гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна. Энэ бол ямар ч эцэг эхийн мэдэрч болох хамгийн их өвдөлт. Зөвхөн охин маань мэндэлсэн нь энэ мөчийг багахан найдвар, аз жаргалтайгаар даван туулах хүчийг бидэнд өгч байна” хэмээн бичжээ.
Хожим тэд охиндоо Bella Esmeralda гэх нэр өгсөн байна.
2025 оны наймдугаар сарын 11: Georgina сүй тавьснаа зарлав
Найман жил хамт байсан хос 2025 оны наймдугаар сарын 11-нд сүй тавьснаа албан ёсоор зарласан. Georgina Instagram хуудсандаа сүйн бөгжнийхөө зургийг нийтэлж, “Тийм ээ, би зөвшөөрч байна. Энэ амьдралд ч, бүх амьдралд ч” хэмээн бичжээ.
Энэ нийтлэл олон нийтийн сүлжээнд асар их анхаарал татаж, Ronaldo болон Georgina нарын олон жилийн хайрын түүх хуримаар үргэлжлэх гэж буйг фэнүүд нь баяртайгаар хүлээн авсан байна.
Гэр бүлийн шинэ бүлэг эхлэх гэж байна
Cristiano Ronaldo болон Georgina Rodríguez нарын харилцаа анхны уулзалт, олны өмнөх анхны алхам, хүүхдүүдийнх нь мэндэлсэн баярт мөчүүд, мөн хамтдаа даван туулсан хүнд үеүүдээр дүүрэн байлаа.
Одоо тэд Madeira дахь хуримаараа хайрын түүхээ шинэ түвшинд гаргаж, гэр бүлийн амьдралынхаа дараагийн бүлгийг эхлүүлэхээр зэхэж байна.